Б.Мөнхзаяа: Нэр төдий тодотгол хийвэл байдлыг улам муутгана

Ярилцлага

Банкны нийт хадгаламжинд эзлэх гадаад валютын хадгаламжийн хэмжээ 16 хувь болж нэмэгдсэн

Санхүү, эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, судлаач Б.Мөнхзаяатай ярилцлаа. Тэрбээр “Бодлогын хувьд зоригтой алхам хийж, өмнөх алдаа, дутагдлаа давтах бус засах боломж бүрдсэн” хэмээн тодотгов.

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан авч буй бодлогын чанартай арга хэмжээг та хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийдөө эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу дүр зурагтай байгааг бид мэднэ. Энэ нөхцөлд бодлогын тодорхой арга хэмжээ авах нь нэн тэргүүнд тавигдах шаардлага. Төв банкны зүгээс мөнгөний бодлогын хүүгээ 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Аливаа бодлогын шийдвэр хоёр талтай байдаг. Тухайн бодлого эерэг болон сөрөг нөлөөллийг эдийн засагт үзүүлдэг. Төв банкны хувьд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс дээрх бодлогын арга хэмжээг авсан гэж харж байгаа. Тоймлон хэлбэл, бодлогын хүүг огцом нэмэгдүүлсэн нь нэг талаар банкны салбараа хамгаалах шийдвэр.

-Төсвийн алдагдал байж болох хязгаараас давсан тул тодотгол хийхээр болж байна. Төсвийн зардлыг танах талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Төсвийн алдагдлын хувьд манай төрийн бүтэц хэт данхайж, томорсны илэрхийлэл. Нөгөө талаар үүнийг дагаад зардал хэрхэн өссөн гэдгийг төсвийн алдагдал харуулж байна. Төсвийн орлого төвлөрүүлэлт ч яаж дутаж байгааг энэ байдал илтгэлээ. Тиймээс төсвийн алдагдлыг бууруулах, танаж болох зардлыг багасгах чиглэлд дорвитой арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага үүсээд байна. Ингэснээр олон улсын түвшний үнэлгээний байгууллагаас бодлогын хувьд харьцангуй зөв, тогтвортой гэсэн эерэг үнэлгээ авах боломжтой. Энэ нь манай улсын зээлжих зэрэглэлд сайнаар нөлөөлөх төдийгүй хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхэд тустай.

-Төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоо маш чухал гэж үздэг. Алдагдалтай төсвийн зардлыг нэлээд танах байх гэсэн хүлээлт эдийн засагчдын дунд давамгайлж байна.

-Тийм ээ. Үр ашиг багатай зардлыг бууруулахад энэ удаагийн төсвийн тодотгол чиглэх байх гэж харж байна. Бодлогын хувьд зоригтой алхам хийж, өмнөх алдаа, дутагдлаа давтах бус засах боломж нэг талаар бүрдсэн. Ийм нөхцөлд төсвийн зардлыг танахад бодитой хандах хэрэгтэй.

Одоогийн байгаа мэдээллээр үр ашиггүй зардал танагдаж чадсан, эсэх нь ойлгомжгүй байгаа. Энэ мэдээллийг илүү ил тод, нээлттэй болгох ёстой. Төсөв 4.3 орчим их наяд төгрөгийн алдагдалтай байгаа тохиолдолд алдагдлыг бууруулах хэмжээгээр зардлыг батлах хэрэгтэй. Урьдынх шиг нэр төдий тодотгол хийх нь нөхцөл байдлыг улам муутгах талтай. Зарим мэдээллээр өмнөх байдал давтагдах эрсдэл бий. Зардлаа тодорхой түвшинд баталдаг, түүнээсээ давсан илүү зардал гаргадаг энэ зуршил хэвээр хадгалагдаж болохгүй.

Манай улсын зээлжих зэрэглэлд сайнаар нөлөөлөх тустай

-Төсвийн зардлыг бууруулах, өндөр алдагдлыг бууруулахад үндсэндээ чиглэх байх. Ингэснээр эдийн засагт бодит хэмнэлт бий болох болов уу?

-Төсвийн зардал 10 их наяд төгрөг давчихсан байгаа энэ үед танаж болохыг нь дахиад л танах хэрэгтэй. Нөгөө талаасаа эдийн засгийн гол өсөлтийг бий болгох салбаруудад чиглэсэн бодлого хэрэгжүүлж байж үр дүнд нь төсвийн орлогоо бүрдүүлэх хэрэгцээ шаардлага гарна. Үүнийг тооцоолох хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг бий болгож байгаа голлох салбар нь уул уурхай ч уул уурхайн бус экспортод эерэг өсөлт ажиглагдсан. Энэ чиглэлээр илүү арга хэмжээ авах нь эргээд бодит эдийн засагт нэмэртэй. Бизнесийг тасралтгүй үйл ажиллагаа явуулах, иргэдийг ажилтай, орлоготой байлгах тэр нөхцөл боломжийг хангахад анхаарах шаардлагатай. Энэ бүхний тэнцвэр их чухал.

-Инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсан хэвээр. Тиймээс Монголбанк төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авсан хэмээн тайлбарлаж буй. Ханшийн өсөлтөд ямар зохицуулалт шаардлагатай байна вэ?

-Ханшийн эрэлт хоёр талтай. Банкны салбарын үзүүлэлтийг харахад, банкны нийт хадгаламжинд эзлэх гадаад валютын хадгаламжийн хэмжээ 13 хувь байснаа 16 болж нэмэгдсэн. Иргэдийн хувьд ханшийн зөрүүнээс ашиг олох сонирхол илэрхий байгаа нь үүгээр харагдаж байна. Энэ нь богино хэмжээний ашиг болж харагдах боловч нөгөө талаасаа эдийн засагт үзүүлэх үр нөлөөний хувьд сөрөг үр дагаварт хөтлөх талтай. Тиймээс дээрх байдлыг тодорхой хэмжээнд хязгаарлаж өгөх зохицуулалт үгүйлэгдэж байна.

САНАЛ БОЛГОХ