Бодлого гажсан тохиолдолд хөтөлбөрийг эргэж хардаг

Ярилцлага


Хятадын өсөлт дэлхийн улс орнуудад боломж олгож байна



ОУВС-гийн Ази, Номхон далайн бүсийн захирал Ранил Салгадотой ярилцлаа.

-Засгийн газрууд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсныхоо дараа тус байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагахгүй байх тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-ОУВС-гийн баг тухайн улсад очиж, Засгийн газрын үйл ажиллагаатай нь танилцдаг. Засгийн газар үйл ажиллагаагаа ОУВС-гийн хөтөлбөртэй хэрхэн уялдуулж байгааг хэд хэдэн шатанд шалгалт явуулж дүгнэдэг. Шинээр хэрэгжүүлж буй бодлогууд хөтөлбөрийн зорилготой хэр нийцэж байгааг дүгнэж үзнэ гэсэн үг. Товчоор хариулахад, хөтөлбөрийн хэрэгжилт, түүний зорилт нь Засгийн газрын бодлогод тусгалаа олж, улмаар уялдаж байгааг хардаг. ОУВСгийн хөтөлбөрийн ерөнхий зорилтууд маш тодорхой. Хөтөлбөрийн дараах үр дүн хамгаас чухал. Тухайн улсын эдийн засгийн бодлого, зорилтууд нь цаашид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлагагүй түвшинд хүрсэн байх явдал. Гол зорилго нь энэ. Гэхдээ үүссэн нөхцөл байдал, эрсдэл зэргээс шалтгаалж хөтөлбөр тус бүр өөрийн гэсэн зорилтуудтай байх нь бий.



Тухайлбал, Монгол Улсад хэрэгжиж байгаа хөтөлбөр хэд хэдэн гол зорилтуудтай байгаа. Эдгээрийн нэг нь улсын өрийг хязгаарлах. Мөн валютын ханшийн бодлогыг энд дурдаж болох юм. Засгийн газар амлалтаасаа буцах, эсвэл бодлого өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хөтөлбөрийн зорилт биелэхгүй байх нөхцөл үүсдэг. ОУВС-гийн баг үүний учир шалтгааныг тодорхойлохоос гадна цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцдаг.

-Хэрэв Засгийн газар амлалтаа биелүүлээгүй тохиолдолд ОУВС-гийн хөтөлбөрийг царцааж болно гэж та хэлж байна уу?

-Тиймээ. Өмнө нь ийм зүйлүүд болж байсан. Хамгийн ойрын жишээ гэхэд Азийн зарим оронд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдэд ийм байдал үүссэн удаатай. Тухайлбал, Шри Ланк байна. Тус улсын хөтөлбөрийн хоёр дахь удаагийн шалгалт хойшилж байсан. Шалтгаан нь Засгийн газартай нь холбоотой. Ашиг орлогын мэдүүлгээ парламентдаа танилцуулах ёстой хугацаандаа Засгийн газар нь танилцуулаагүйгээс энэхүү байдал үүссэн. Гэхдээ Засгийн газар нь мэдүүлгээ танилцуулж, хоёр дахь шалгалтаа одоогоос долоо хоногийн өмнө хийж дуусгасан. Монголд ажилласан баг хөтөлбөр хэрэгжилтээсээ бага зэрэг гажсан гэж үзвэл үүнтэй нэгэн адил зүйл болж болох юм. Магадгүй санхүүгийн хувьд хүрнэ гэж төлөвлөж байсан хэмжээндээ хүрч чадахгүй бол зорилтоос хэр хэмжээнд зөрөхөөр байгааг тооцоолж, зорилгоосоо хазайх болсон шалтгаан нь хэр зөв, оновчтой шийдвэр байсныг тогтооно. Мөн эргээд хөтөлбөрийг хэрэгжих боломжтой замд нь оруулахын тулд яг юу хийх хэрэгтэй вэ гэдгийг зөвлөнө.


Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй



-Манай улс түүхий эдэд тулгуурласан эдийн засагтай. Дэлхий дахинд түүхий эдийн ханш нэг их сэргэхгүй байна. Таны хувьд таваарын зах зээлийн үнийн уналттай холбоотойгоор бүс нутгийн хэмжээнд хэр их эрсдэл байна гэж харж байна вэ?

-Таваарын зах зээлийг хоорондоо маш их ялгаатай учраас салгаж харах хэрэгтэй. Нэг нь эрчим хүчний таваар. Нөгөө нь хөдөө аж ахуй, бусад гэсэн ангиллыг энд авч үзэх хэрэгтэй. Экспортын орлогын эх үүсвэр болж буй нүүрс эрчим хүчний таваарт хамаарч байгаа. ОУВС-гийн хувьд зах зээлүүд хэр байгааг ажигладаг. Түүнээс ямар нэгэн төлөв гаргаж, таамаг дэвшүүлдэггүй. Монголын түүхий эдийн экспортыг харвал нүүрс болон бусад металл голлож ирсэн. Монгол Улс далайд гарцгүй. Энэ нь бүс нутгийн зах зээлийн хамаарлыг нэмэгдүүлж байна. Металлын зах зээл дээр Хятадын нөлөө маш их байгаа. Монголын түүхий эдийн зах зээлийн тухай ярихын тулд Хятадад юу болж байгааг харах хэрэгтэй. Хятадад нүүрсийг олон төрлөөр хэрэглэж байгаа. Тиймээс хамгийн түрүүнд аж үйлдвэрийн салбарын байдлыг харах нь чухал.

-БНХАУ нүүрсээр ажилладаг үйлдвэрүүдээ хааж, металлын салбар нь удааширснаар урт хугацаандаа манайд сөргөөр нөлөөлөх байх?

- Тийм ээ, таны хэлж байгаа зүйл урт хугацааны эрсдэл гэж бодож байна. Урт хугацаандаа Хятад улс эрчим хүчний хэрэглээгээ зохистой, үр ашигтай болгох тал дээр анхаарах болно. Үүнд хэд хэдэн шалтгаан байгаа. Түүний нэг нь агаарын бохирдол.

-Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн асуудал тулгамдаж байгаа энэ үед Монгол шиг эдийн засаг нь уул уурхайгаас хэт хамаардаг орон яаж ажиллах ёстой вэ?

-Монгол Улс эдийн засгаа аль болох төрөлжүүлэх хэрэгтэй. Мэдээж өнөөдрийн хувьд уул уурхай Монголд чухал. Гэхдээ эндээс олж байгаа баялгаа эдийн засгийг бүхэлд нь хөгжүүлэхэд зориулах нь илүү ач холбогдолтой. Монгол Улс тогтвортой хөгжихөд эдийн засгийн төрөлжилт гол үүрэг гүйцэтгэхээр байна.

-Монгол Улс Хятадын эдийн засгийн өсөлтөөс хэрхэн “хожиж” болох вэ?

-Хятадын өсөлт Монголын хувьд боломж. Дэлхийн улс орнууд Хятадын өсөлтийг боломж гэж харах хэрэгтэй. Хятад бол Монголын экспортын бүтээгдэхүүний гол хэрэглэгч учир богино хугацаандаа ашигтай байх нь ойлгомжтой.
САНАЛ БОЛГОХ