Мөчлөг сөрөх бус, дагасан нь алдаа болсон
Хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэрбээр “Эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар даван туулахад мөнгөний бодлого чиглэж байна” хэмээн ирэх жилийн мөнгөний бодлогыг тодотгов.
-Төрөөс ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ хэлэлцэж байна. Та 2017 оны мөнгөний бодлогын төсөлд ямар дүгнэлт өгч байгаа вэ?
-Эрсдэлийг урьдчилж тооцоолсон нь өмнөх жилүүдийн мөнгөний бодлогоос ихээхэн ялгарч байна. Дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад гол чиглэлийг баримталж байгаа нь зөв алхам болжээ. Ялангуяа, мөчлөг сөрсөн мөнгөний бодлого болсон. Энэ утгаараа эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад голлох үүрэг гүйцэтгэхээр байна. Тодруулбал, эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар даван туулахад мөнгөний бодлого чиглэж байгаа нь анхаарал татлаа.
-Эдийн засгийн өсөлт саарсан хэвээр байна. Ирэх оны мөнгөний бодлого эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой юу?
-Эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох зорилтыг 2017 оны мөнгөний бодлого дэвшүүлж байна. Манай улс өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хэт өндөр өсөлтийн хойноос хөөцөлдсөн. Мөчлөг сөрөх бус, дагасан нь алдаа болсон. Үүний сөрөг нөлөө эдийн засагт мэдрэгдэж байна. Эдийн засгийн өсөлт огцом газардсан. Тиймээс тогтвортой өсөлтийг чухалчлах нь зөв. Монголбанк одоогийн нөхцөл байдлыг тогтворжуулахад төвлөрч ажиллахаар харагдаж байгаа.
Төсвийн алдагдал энэ оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувьтай тэнцэх төлөв гарсан. Ийм нөхцөлд мөнгөний бодлогыг чангатгах нь хямрал улам гүнзгийрэхээс сэргийлсэн арга хэмжээ. Чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, төгрөгийн ханшийн уналтыг сааруулахад мөнгөний хатуу бодлого эерэг нөлөө үзүүлнэ.
-Ирэх оны төсөв, мөнгөний бодлого хоорондоо хэрхэн уялдаж байна вэ. Төв банкны зүгээс мөнгөний бодлогын орон зайг тэлэхийн тулд төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай байгааг хэлж байсан. Та үүнтэй санал нийлэх үү? -Төсвийн алдагдлыг бууруулах шаардлага тулгарч байгаа. Тиймээс ирэх оноос төсвийн алдагдал эрс багасах байх гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд төсвийн алдагдал нэмэгдэж, зардал тэлсэн. Эдийн засаг агшиж байгаа энэ үед орлогын төсөөллөө бодитой гаргах нь чухал. Төсвийн алдагдлыг зохистой түвшинд, байгаа боломжийн хэрээр цаашид бууруулах хэрэгтэй. Энэхүү зорилт хангагдсанаар мөнгөний бодлогын хүүг бууруулах нөхцөл бүрдэнэ. Төсвийн шинэчлэлийг үргэлжлүүлэх ёстой. Мөнгөний бодлого одоогийн нөхцөлд хатуу байхаас өөр сонголт алга.
Мөнгөний бодлого одоогийн нөхцөлд хатуу байхаас өөр сонголт алга
-Ирэх оны төсвийн төсөлд ам.долларын ханшийг 2250 төгрөгөөр тооцсон байна. Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 2348 төгрөгтэй тэнцлээ. Та зах зээлийн шинжээчийн хувиар ханшийн цаашдын төлөв байдлыг хэрхэн таамаглаж байна вэ. Ханшийн эрсдэлийг бууруулахад ямар арга хэмжээ авах нь зохистой вэ?
-Ханшийн төлөв байдлыг урьдчилж хэлэхэд туйлын бүрхэг байна. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж ирэх он хүртэл ам.долларын ханш өсөлттэй хэвээр байх дүр зураг ажиглагдаж байгаа. Хөрөнгө оруулагчид болгоомжилсон хэвээр байна. Эдийн засагт ам.долларжилт ихээр явагдаж, ам.долларын хадгаламж, харилцах байнга өсөх болсон. Энэ нь валют, тэр тусмаа ам.долларын эрэлтийг зах зээлд нэмэгдүүлж байна. Ингэснээр ханш чангарахад нэг талаар нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Засгийн газар ямар сонголт хийхээс ханшийн цаашдын төлөв тодорхойлогдох магадлал өндөр байна. Тодруулбал, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах, эсвэл гадаад зах зээлд бонд босгохоос энэ байдал шалтгаална.
-Юань Олон улсын валютын сангийн нөөцийн валютын сагсанд багтсан. Энэ нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Хоёр улсын гадаад худалдаа, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.
-“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт гадаадын шууд хөрөнгө сэргэхэд болон эдийн засаг хямралаас гарахад хэр бодитой нөлөө үзүүлж чадах вэ?
-Ирэх онд эдийн засаг энэ оныхоос илүү өсөлттэй гарахад “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт нөлөөлж байгаа. Үүнийг Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк өөрсдийн гаргасан тайлан, судалгаандаа дурдсан. Эдийн засаг сэргэхэд, хөрөнгө оруулагчид Монголд эргэн ирэхэд төслийн хоёр дахь шат голлох үүрэг гүйцэтгэх болов уу.
-Хэрэглээний үнийн индекс хоёр сар дараалан хасах утгатай гарсан. Энэ байдлыг та хувьдаа юу гэж харж байгаа вэ?
-Иргэдийн худалдан авалт муудах хэрээр худалдаа, үйлчилгээний салбар агшиж байна. Энэ нь инфляци хасах утгатай гарахад хүргэж буй. Эдийн засаг аажмаар сэргэхэд энэ байдал нааштай эргэх нь дамжиггүй. Төсвийн алдагдал буурч, мөнгөний бодлого зөөлрөх явцад нөхцөл байдал алгуур хэвийн түвшинд ирэх боломжтой.