Ч.Мэргэн: Хувь хүний манлайллаас улсын манлайлал эхэлнэ

Ярилцлага

Хүн болгоны амьдралд менежментийн тухай ойлголт чухал

“Тогтох трейд” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнтэй ярилцлаа. “Өдөр бүр Дракертай хамт” номын редактораар ажилласан тэрбээр “Сүүлийн жилүүдэд өөрийгөө хөгжүүлэх, манлайлах сэдвийн талаар олон ном гарах болсон хэдий ч удирдах арга зүйн номууд тун ховор байж ирсэн. Тиймээс энэхүү номыг эх хэл рүүгээ орчуулан гаргахаар шийдсэн” хэмээн өгүүлэв. Питэр Ф.Дракер нь амьдралынхаа туршид цөөнгүй ном бичсэн бөгөөд орчин үеийн удирдах арга зүйн өвөг эцэг гэж түүнийг тодотгодог. Уншигч та бүхэндээ зориулж “Засгийн газрын мэдээ” сонин өнөөдрөөс эхлэн албан ёсны эрхтэйгээр “Өдөр бүр Дракертай хамт” номоос манлайллын болон менежментийн шилдэг санааг дамжуулан хүргэхээр боллоо. Энэ удаад бид тус бүтээлийг монгол хэлнээ унших боломжийг олгосон Ч.Мэргэнтэй ярилцахын зэрэгцээ “Удирдлагын шударга байдал” сэдвийг онцоллоо. Та манай сониноос өдөр бүр дээрх бүтээлийн нэг сэдэв уншихын сацуу мэдлэгээ тэлэх юм.

-Та бүхэн яагаад П.Дракерын номыг сонгон орчуулах болов. Ингэхэд түүний номыг хаанаас олчихов. Монголд англи хэл дээрх ном, тэр дундаа П.Дракерын бүтээлийг олно гэдэг хэцүү шүү дээ?

-Питэр Дракер нь амьдралынхаа туршид маш олон ном бичсэн бөгөөд орчин үеийн удирдах арга зүйн өвөг эцэг гэж түүнийг үздэг. Миний бие Харвардын Бизнесийн сургуулийн “YPO-WPO Presidents Program” тусгай хөтөлбөрт суралцах үедээ “Өдөр бүр Дракертай хамт” номтой танилцсан. Тухайн үед буюу 2014 оны нэгдүгээр сард Бостонд байхдаа номын сангаас уг бүтээлийг анх олж хараад унших ёстой номны нэг юм байна гэж үзээд авсан. Тэр цагаас хойш уг бүтээлийг монгол хэлнээ орчуулах, улмаар олон хүнд хүргэхийг зорьсон.

-Даян дэлхий хувьсан өөрчлөгдөж, өрсөлдөх чадвараа сайжруулах, бусдаас суралцах, шинэ ололтыг нэвтрүүлэх зүгт илүү эрчтэйгээр хандах боллоо. Түүний нэг нь менежментээ шинэчлэх, арга барилаа өөрчлөхөд хүргэж буй. Энэ нь дээрх номыг орчуулахад нөлөөлсөн үү?

-Тийм ээ. Монголчууд бид хүссэн, хүсээгүй дэлхийн түвшинд өрсөлдөх шаардлагатай болж байна. Үүнд эртнээс суралцах, бэлдэх учиртай. Ингэснээр цаг хугацааг хожих, товчлох боломж бий болно. Олон улсын хэмжээнд өрсөлдөхийн тулд стандарт, шаардлагыг нь юуны өмнө хангах хэрэгтэй. Энэ нь дан ганц бизнесийн байгууллагатай хамааралтай биш. Ямар ч байгууллага, хамт олны өмнө дээрх сорилт ирж байна. Тиймээс удирдлагуудад бодитой өөрчлөлт авчрах, нөхцөл байдлаа зөв үнэлж, дүгнэхэд менежментийн өргөн хүрээний мэдлэг, мэдээллийн хэрэгцээ их ч ийнхүү агуулга бүхий ном монгол хэлээр хомс байна. Тиймээс энэ хэрэгцээ, шаардлагыг хангах үүднээс бид “Өдөр бүр Дракертай хамт” номыг орчуулсан. Бидний зорилго ч үүнд бүхэлдээ чиглэсэн. Хүний амьдрал цаг үргэлж манлайлал, хувь хүний зохион байгуулалт, менежментийг шаардаж байдаг. Тэгэхээр энэхүү бүтээл нь зөвхөн бизнесийн дээд шатны гэлтгүй төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн бүх шатны удирлагуудад болон ирээдүйн удирдлагуудад зориулагдсан.

-Питер Ф.Дракерын бүтээл олон орны хэлээр гарч байсан юм билээ. Харин монголчуудад зарим бүтээл нь төдийлэн танил бус. Та бүхний хувьд зах зээлийн эрэлт, хэрэгцээг илүү ажигласан юм болов уу гэж санагдлаа. Учир нь менежмент болон хувь хүний хөгжлийн чиглэлээр “ширээний ном” болохуйц бүтээл ховор байгааг та дурдсан.

-Монголын байгууллагуудын дээд шатны удирдлагууд болон бүх шатны менежерүүд бид байгууллагаа дэлхийн түвшинд хүргэе гэвэл эхлээд өөрсдөө дэлхийн түвшний удирдагчид болох хэрэгтэй болов уу. Олон улсын хэмжээнд өрсөлдөхийн тулд менежментийн мэдлэг, мэдээлэл ихтэй ном юм байна гэдгийг олж харсан. Монголын мянга мянган залуус, удирдлага, дэлхийн түвшинд хүрэх манлайлагч болоосой гэж энэ ажлыг хийж эхэлсэн.

-Питэр Ф.Дракерын талаар манай сонины уншигчдад товчхон мэдээлэл өгөөч?

-Агуу сэтгэгч хүн. Түүний зөвхөн менежмент төдийгүй инноваци, манлайлал, үр дүнтэй байдал болон өөрчлөлтөд дасан зохицох тухай гаргасан санаанууд нь өнөөдрийг хүртэл бизнесийн мэргэн ухааны сонгодог хэлбэр хэвээр байна. Энэ хүний хүн төрөлхтний мэдлэгт оруулсан хувь нэмэр ганц, хоёрхон чухал санаа агуулаад зогсохгүй. Чухамдаа бүхэлдээ үнэ цэнэтэй санаа нэвчсэн бүтээлүүдээр нь үнэлэгдэнэ. Тэрбээр 65 жилийн хугацаанд 39 ном бичиж үлдээсэн байдаг. Түүний нэг нь “Өдөр бүр Дракертай хамт” бүтээл. Дэлхийд танигдсан олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс Дракерийг олон улсын хэмжээний менежментийн чиглэлийн шилдэг хүн гэж харж, бичдэг.

-Сүүлийн үед менежмент болон хувь хүний хөгжлийн талаар маш олон ном гарах болсон. Тэдгээр номноос ялгарах гол ялгаа нь юу вэ?

-Менежментийн талаар илүү гүнзгий мэдэх, зөвхөн мэдээд өнгөрөх бус манлайлагч болохыг хүсэж байгаа хүн болгоны ширээний ном гэж хэлдэг. Энэ утгаараа “Өдөр бүр Дракертай хамт” ном нь олон орны уншигчдад хүртээл болсон. Өнөө цагт хувь хүний хөгжил болон менежментийн талаар маш олон ном гарч байгаа. Гэхдээ уншигчдад үлдэх өгөөж, цаашид ажил, амьдралд нь хэрэг болохуйц санаа харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл, менежментийн талаар зарим ном зөвхөн нэг санааг л өгүүлдэг. Харин “Өдөр бүр Дракертай хамт” ном нь өдөр болгон өөр санааг өгүүлсэн байдаг. Зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл энэ номонд багтсан онцлогтой.

-Таны хувьд хувь хүний хөгжлийн чиглэлээр гарч байсан нэлээд номыг өмнө нь уншсан талаараа ярьсан. Тэдгээр номуудтай харьцуулахад “Өдөр бүр Дракертай хамт” юугаараа онцгой байсан бэ?

-Миний хувьд хувь хүний хөгжлийн чиглэлээр гарсан цөөнгүй ном бүтээлүүдийг уншиж, сонсож байсан. 1990-ээд оны сүүлчээс 2000-гаад оны эхэн болох таваас зургаан жилийн хугацаанд хувь хүний хөгжил, амжилтад хүрсэн хүмүүсийн намтраас өөр ном бараг уншаагүй шүү. Уншсан номоо эргээд харахад ихэвчлэн хувь хүний хөгжил, зохион байгуулалтын чиглэл нь давамгайлж байж. Харин “Өдөр бүр Дракертай хамт” номын тухайд гэвэл удирдагч хүний хувийн зохион байгуулалт, асуудалд тулгуурласан бүтээл бөгөөд манлайлагч ямар байх шаардлагатай, бизнесийн менежер, захирал хүний мэдэх учиртай, байгууллагын уур амьсгал, соёл, стратеги, маркетинг, бүтээмж гээд менежментийн талаар олон чухал санааг багтаасан бүтээл юм.

-366 өдрийн хичээл гэж “Өдөр бүр Дракертай хамт” номын хавтсан дээр бичсэн байсан. Энэ нь их сонирхолтой санагдсан төдийгүй анхаарал татсан ажил болсон байна. Манлайллын сурах бичиг төдийгүй менежментийн ширээний ном гэж үзэж болох уу?

-Өдөр болгон өөртөө болон байгууллагын үйл ажиллагаандаа өөрчлөлт гаргах боломжтой. Учир нь дээр дурдсан байгаа, жилийн турш энэ ном таны өдөр болгоныг илүү идэвхтэй, шинэ содон байлгахад тусалж чадна. Захирлуудын бидний хувьд нэг номноос нэг санаа л олж авч түүнийг хэрэгжүүлэх гэж уншдаг. Тэгвэл “Өдөр бүр Дракертай хамт” номоос 360 гаруй санааг олж авч өөртөө болон байгууллагадаа хэрэгжүүлж болно гэсэн үг. Тэгэхээр энэхүү бүтээл нь өдөр бүр байнга тулгамддаг асуудлыг хөндөх бөгөөд өөрөөр хэлбэл, уншигч таны хувьд менежментийн өвөг эцэг гэгдэх хүнээс дэлхийн шилдэг менежментийн зөвлөгөөг хүлээн авах боломжтой болж байна гэсэн үг юм.

» Захирал бүрийн ширээн дээр заавал байх номын нэг гэж “Өдөр бүр Дракертай хамт”-ыг үздэг.
» Өдөр болгон өөртөө болон байгууллагын үйл ажиллагаандаа өөрчлөлт гаргах боломжтой.
» Тэрбээр 65 жилийн хугацаанд 39 ном бичиж үлдээсэн байдаг. Түүний нэг нь “Өдөр бүр Дракертай хамт” бүтээл.
» Монголчууд бид хүссэн, хүсээгүй дэлхийн түвшинд өрсөлдөх шаардлагатай болж байна.

-Номын агуулга хүнд байсан уу. Орчуулга дээр хэр удаан суусан бэ?

-Миний хувьд энэ ном маш том сургууль болж, үүнээс их мэдлэг хуримтлуулсан. Орчуулах ажилд тавуулаа оролцсон. Миний хувьд утгын редактораар ажилласан. Хуудас бүрт ойролцоогоор 20-40 минут зарцуулсан. Ном орчуулах ажилд багагүй цаг хугацааг манай баг зориулсан. Монголд П.Дракерын бүтээл анх удаа албан ёсны эрхтэйгээр гарч байгаа нь энэхүү бүтээл юм. Цаашдаа хэд хэдэн номыг нь гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор дахиад хоёр номынх нь эрхийг авсан. Үүний нэгийг нь энэ сард гарахаар зорьж байгаа. Орчуулга хийх нь амаргүй бөгөөд хариуцлагатай ажил. Тухайн өгүүлбэрийг эх хэлнээ утга төгөлдөр буулгахад цөөнгүй тохиолдолд бэрхшээл гарч байсан. Хэдийгээр туршлагатай орчуулагчдаас манай баг бүрдсэн ч соёлын болон өмнө нь манайд утга нь буруу орчуулагдаж, улмаар тэр нь хэвшмэл ойлголт болчихсон нийтлэг алдааг ч гэсэн үүгээр засах гэж оролдсон тал бий.

-“Өдөр бүр Дракертай хамт” номыг хаанаас худалдан авч болох вэ?

-Номын сүлжээ дэлгүүрүүдэд манай ном байгаа. Сонирхож буй иргэдийн хувьд өөрт ойр байгаа “Мажестик”, “Аз Хур”, “Интерном”, МИР зэрэг дэлгүүрээс авах боломжтой. Мөн манай Фейсбүүк хуудсаар (fb. com/DruckerMN) дамжуулан худалдан авах боломжтой. Албан байгууллагууд 99051904 дугаараар холбогдож болно.

-Уншигчдаас ямар сэтгэгдэл ирж байна вэ?

-Захирал бүрийн ширээн дээр заавал байх номын нэг гэж “Өдөр бүр Дракертай хамт”-ыг үздэг. Энэ утгаараа гарсан цагаасаа хойш олон хүний талархлыг хүлээж, ширээний ном нь болж амжсан байна. АПУ компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг болон “Хас банк”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт зэрэг нэр хүндтэй хүмүүс өөрсдийн номтой холбоотой сэтгэгдэлээ илэрхийлсэн. Ер нь уншигчдын сэтгэлд нийцэж чадаж байна гэж ойлгож байгаа. Түүнчлэн биднээс орчуулга нь маш сайн болж, дараагийн ном нь хэзээ гарах вэ хэмээн хүмүүс байнга асууж байдаг. Манай Фейсбүүк хуудас маань аль хэдийнэ таван мянга гаруй дагагчидтай болсон.


САНАЛ БОЛГОХ