Үйлдвэрлэгч нараа дэмжиж, ажлын байр нэмэгдүүлнэ

Ярилцлага

Эдийн засгаа тэтгэн тэлэх нь бидний бодлого юм

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай ярилцлаа. Тэрбээр “Ирэх он жилүүдэд Төв аймаг иргэдээ ажилтай орлоготой, өрх бүлээ ая тухтай, чанартай амьдралтай, орон нутгийн эдийн засаг өсөлттэй, өгөөжтэй болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн тодотгов.

-Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн хангасан бэ. Өвөлжилт одоогоор ямар байдалтай байна вэ?
-Өвөлжилтийн бэлтгэл хангалт төв суурин болон хөдөө аж ахуйн салбарын хувьд 90 гаруй хувьтай гэсэн дүн мэдээ гарсан. Энэ жил аймгийн хэмжээнд 105.6 мянган тонн хадлан бэлтгэхээс 80 гаруй мянган тонн өвс бэлтгэлээ. Аймгийн аюулгүйн нөөцөд 605 тонн өвс, 300 тонн тэжээл бэлтгэж, 680 тонн өвс, 300 тонн тэжээлийн будаа нөөцөлж авсан. Сумдын өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор есөн суманд тус бүрт нь таван сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлэж өглөө. Нийт мал сүргийн 90 орчим хувь нь дунд ба дундаас дээш тарга хүч авсан. Нийт 320 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа. Аймгийн хойд талын сумд 20-30, бусад суманд 8-20 см цасан бүрхүүлтэй байна. Төв аймаг бол газар тариалангийн бүс. Энэ утгаараа малын тэжээлийн бэлтгэл ажил боломжийн түвшинд хангагдсан. Өвөлжилт хүндэрч болзошгүй үед авах арга хэмжээг шийдвэрлэсэн. Тэгэхээр бэлтгэл хангагдсан.

-Аймгуудын өрсөлдөх чадварын 2015 оны тайлангийн үзүүлэлтээр Төв аймаг тавдугаар байранд эрэмбэлэгдсэн. Тус судалгаагаар ажлын байрыг шинээр бий болгох, хүрэлцээг нь сайжруулах шаардлага танай аймагт тулгарч байгаа. Орон нутгийн удирдлагын зүгээс энэ хүрээнд ирэх жилүүдэд ямар ахиц, дэвшил гаргахаар төлөвлөж байна вэ?
-Улс орны эдийн засаг, төсөв санхүү, ард иргэдийн амьжиргаа тийм ч таатай биш байна. Иймд ирэх он жилүүдэд Төв аймаг иргэдээ ажилтай орлоготой, өрх бүлээ ая тухтай чанартай амьдралтай, орон нутгийн эдийн засаг өсөлттэй, өгөөжтэй болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 2017 онд “Ажилтай, орлоготой иргэн” уриа дэвшүүлэн ажиллана. Энэ хүрээнд, өрхийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих, Үйлдвэрлэлийн хүчин чадлыг аль болох бүрэн ашиглах, аймгийн дотоодын хэрэгцээг өөрийн үйлдвэрлэгчдийн, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангахаар төлөвлөсөн. Энэ нь мөнгөний гадагшлах урсгалыг зогсоож, үйлдвэрлэл үйлчилгээ, эдийн засгаа тэтгэн тэлэх бидний бодлого юм.

-Аймаг болгон өөрсдийн хөгжлийн тулгуур салбараа тодорхойлж, хөгжлийн бодлогоо түүндээ нийцүүлж гаргадаг. Тухайлбал, танай аймаг аль салбарт найдвар тавьж, хөгжүүлэхээр зорьж байна вэ?
-Төв аймгийн эдийн засгийн үндсэн салбар нь хөдөө аж ахуй. Тиймээс мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээ авна. Орон нутгийн онцлог давуу тал дээр нь тулгуурлан тодорхой бүс нутагт эрчимжсэн аж ахуйн хөгжлийг дэмжиж, загвар аж ахуйнуудыг бий болгоно. Хөдөө аж ахуйгаас гарч буй ашиг шим, түүхий эдийн нөөц дээр тулгуурласан боловсруулах үйлдвэр цехүүдийг ахиухан байгуулах, хооронд нь хоршин ажиллуулах бодлого барьж байна. Бүтээмж, үр өгөөжийг дээшлүүлэх талаар онцгой анхаарах учиртай.

-Төв аймаг дунд болон урт хугацааны хөгжлийн зураглалаа хэрхэн томъёолж байгаа вэ?
-Хүний хөгжлийг хангах, нийгэм соёлын үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэхээр зорьж байгаа. Энэ дагуу байгалийн даац чадамжид тулгуурласан ногоон хөгжлийн үзэл баримтлалтай, мэдлэгт суурилсан өсөлттэй, өгөөжтэй эдийн засагтай болох нь чухал. Үр дүн нь иргэндээ ээлтэй аймаг болгох бодлого барьж, нутгаа хөгжүүлэх хэтийн чиглэлээ боловсруулж байна.

-Орон нутгийн хэмжээнд шилжих хөдөлгөөн саарсан уу, эсвэл хэвээр байгаа юу? -2000 оныг бодвол харьцангуй тогтвортой болсон. Албан ёсны статистик үзүүлэлтээр манай аймаг 90 гаруй мянган хүн амтай. Ер нь Төв аймгийн нутаг дэвсгэр дээр 100 гаруй мянган хүн амьдарч, аж төрж байх шиг байна. Энэ нь аймгийн газар зүйн байршилтай нэг талаар холбоотой. Шилжилт хөдөлгөөн үндсэндээ саарсан гэж хэлж болно.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлага бий. Энэ хүрээнд ямар зарчим баримталж ажиллах вэ?
-Мэдээж төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх нь зүйн хэрэг. Зах зээлийн нийгэмд амьдарч буй хүмүүс хувийн хэвшлийг дэмжиж, тэдний үйл ажиллагааг зах зээлийн жамаар нь явуулахын зэрэгцээ орон нутгийн хөгжил, иргэдийн аж амьдралд үзүүлэх үр өгөөжийг бас бодлогоор зохицуулах учиртай. Нийгмийн хариуцлагын хүрээнд ажлын байрыг тогтвортой хадгалах, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийтийн сайн сайхны төлөө үүрэг хүлээх учиртай. Мөн өөрийн хөрөнгөөр бусад бизнесийн салбарт хүрээгээ өргөжүүлэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ирэх жилүүдэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү эрчимжүүлж, уялдаа, холбоог нь сайжруулах зорилт, тавьсан. Баялаг бүтээж байгаа, хийе, бүтээе гэсэн иргэдээ дэмжих болно. Иргэд нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой байх нь чухал.


-Аялал жуулчлалын салбарт орон нутгийн зүгээс хэр анхаарал хандуулж байгаа вэ?
-Төв аймгийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой. Энэ хүрээнд аялал жуулчлалын томоохон парк байгуулах, нүүдэлчдийн өв соёл ахуй амьдралыг дэлхийд сурталчилсан нутгийн иргэд дээр түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ажиллана. Газар зүйн байршил, түүний онцлог, давуу талаа ашиглаж дотоодын аяллыг хөгжүүлэхээр үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, хөтөлбөрт тусгасан байгаа.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтыг аймаг болгон дэвшүүлж байна. Танай аймгийн хувьд энэ тал дээр ямар ахиц гаргахаар ажиллаж байна вэ?
-Хөдөө аж ахуйн бүтээгдэхү үнд тулгуурласан боловсруулах үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар шинжлэх ухааны парк байгуулах, өндөр технологийн үйлдвэрүүдийн эхлэлийг тавихаар зорьж байна. БСШУСЯ, Шинжлэх ухааны академи зэрэгтэй санал бодлоо солилцсон. Тодорхой салбарын чиглэлээр кластирыг хийх загвар гаргаж байна. Аймгийн үйлдвэржилтийн бодлого, түүний зураглал нь бэлэн болсон. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд үйлдвэрлэл боловсруулалтыг нэмэгдүүлнэ. 2017 оныг “Ажилтай, орлоготой иргэн” уриа дэвшүүлж байна. Өрхийн аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, баялаг бүтээгчдийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлнэ.

-Улсын нэгдсэн төсвөөс гадна олон улсын дэмжлэгтэй төсөл, хөтөлбөр Төв аймагт хэр зэрэг хэрэгжиж байна вэ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны орон нутгийн хөгжлийг дэмжсэн төсөл бий юү?
-Манай аймгийн хувьд нэг их тогтвортой хэрэгжээд байдаг төсөл, хөтөлбөр бага. Улс орны эдийн засаг, төсөв санхүү сайнгүй байгаа энэ үед олон улсын төсөл, хөтөлбөр гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар нийгэм, соёлын хийгээд үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх бодлого баримталж байна.

-Зуунмод хот өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Хот төлөвлөлтийн ямар бодлого, зарчим баримтлах вэ?
-Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталж байна. Хотын орчимд шинэ томоохон бүтээн байгуулалт, суурьшлын бүсүүд үүсэж буй тул хөгжлийн уялдааг хангах, дэд бүтэц, нийтийн аж ахуйн цогц шийдлийг хангаж иргэдийн ая тухай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх талаар бодлого, зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна. Ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлүүдийг хангаж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх юм. Юун түрүүнд дулааны станц шинээр барих, инженерийн шугам сүлжээний өргөтгөл хийх, гэр хорооллыг ээлж дараатай холбох, барилгажилт, амины орон сууцны хороолол, ногоон байгууламж, чөлөөт цагийн бүсүүдийг тохижуулах ажлыг эхлүүлж байгаа.


-Та аймгийн Засаг даргаар томилогдсон 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа олон нийтэд танилцуулсан. Тэдгээр ажлаас аль ажлыг нь онцлох вэ?
-Ирэх он жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудын эрэмбэ дарааг тогтоож, зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл зэргийг боловсруулж эхлээд байна. Эрүүл мэндийн салбарын чадамжийг дээшлүүлэх зорилгоор зарим оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжийг суурилуулж байгаа. Гэр хорооллын айл өрхүүдийг нэгдсэн шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүллээ. Аймгийн үйлдвэржилтийн бодлого зураглалыг шинэчилж, зарим төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагч нарт танилцуулах, зарим тодорхой чиглэл дээр бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч, хэрэглэгч нарыг хорших эхний алхам хийлээ.

-Та ямар эдийн засагтай аймаг хүлээж авсан бэ. Эдийн засгийн байдал амаргүй байгаа нь олон ажлыг хийж, хэрэгжүүлэхэд саад болж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ боломж, бололцоог эрэлхийлж байгаа байх?

-Манай аймгийн эдийн засгийн үндсэн салбар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар өсөлттэй, газар тариалангийн салбар уналттай. Аж үйлдвэрийн салбарын олборлох чиглэл нь өсөлттэй, боловсруулах нь буурсан. Жижиг үйлдвэр, цехүүдийн хэвийн ажиллагаа алдагдсан. Төсвийн өр 1.2 тэрбум, тусгай сангуудын хугацаа хэтэрсэн зээл гурван тэрбум гаруй төгрөг байгаа. Аймгийн аж ахуйн нэгжүүдийн чадамж сайнгүй л байна. Тиймээс эхний ээлжинд төсвийн сахилга батыг сайжруулах, дотоодын үйлдвэрлэл баялаг бүтээгчдээ дэмжих, нийгмийн салбаруудын хэрэгцээг аймгийн үйлдвэрлэлээр хангах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр өгөөж, тогтвортой хөгжлийг хангах бодлого, үйл ажиллагааг явуулж байна. Манай аймагт санхүүгийн хувьд бие даах боломж бий. Тэр боломж, бололцоог бэхжүүлж, бодит ажил болгохоор хөгжлийн бодлого, төлөвлөгөөгөө гаргасан.

-Төв аймгийн 2020 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийг та хэрхэн төсөөлж байна вэ?
-Төрийн үйлчилгээ нь ил тод, нээлттэй, улмаар хүртээмжтэй байдал нь хангагдсан, төв суурин болоод үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй нь тогтвортой хөгжсөн байх учиртай. Гол нь иргэд нь ажилтай, орлоготой, өрх бүр ая тухтай, амьдралын чанар сайжирсан, аймаг өсөлттэй, өгөөжтэй эдийн засагтай болох нь чухал. Үүний төлөө л ажиллаж байна.
САНАЛ БОЛГОХ