Нийгмийн хөгжилд ч гэсэн өөрдсийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг
“Natural Essentials” компанийн гүйцэтгэх захирал, “Lhamour”- ийг үүсгэн байгуулагч Д.Хулантай ярилцлаа. Органик гоо сайхны үндэсний үйлдвэрийг бий болгосон тэрбээр шинэ цагийн дүр төрхийг тодорхойлж яваа захирлуудын нэг. Түүний үүсгэн байгуулсан “Lhamour” брэнд оны өмнөхөн Азийн хамгийн хариуцлагатай жижиг дунд үйлдвэрээр шалгарсан юм.
-Танай компани хэчнээн нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Одоогоор 10 гаруй нэр төрлийн 50 орчим органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн гэлтгүй бид орчныг ч мөн эрүүл байлгах үүднээс давсан бүтээгдэхүүн хийж байгаа. Мөн байгальд ээлтэй дахин боловсруулсан сагснуудыг шинээр хийж эхэлсэн. Компанийн хэмжээнд нийтэд нь авч үзвэл 90-ээд төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд түлхүү зонхилж байгаа.
-2017 онд шинээр ямар бүтээгдэхүүн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа вэ?
-Дөнгөж саяхан хөхний толгой хамгаалах 100 хувь байгалийн гаралтай тос гаргасан. Уг бүтээгдэхүүн нь Монголдоо өвөрмөц бүтээгдэхүүнд тооцогдоно. Эмэгтэйчүүдэд сайн хүрч байгаа. Үүнээс гадна утааны эсрэг тос хэрэглэгчиддээ танилцуулсан. Мөн эрчүүдэд зориулсан нүүрсний суурь тос үйлдвэрлэж, зах зээлд гаргаад удаагүй байна. Тэгэхээр эрэгтэй хүн манай бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой. Эдгээр бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, хүргэхээр одоогоор ажиллаж байна.
-“Natural Essentials” компанийн хувьд 2016 онд ямар жил байсан бэ?
-Манай компанийн хувьд 2016 онд амжилттай жил байсан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн төдийгүй олон нэр төрлийн шинэлэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ. Мөн манай хамт олон дөрөв дахин нэмэгдсэн. Анхны нэрийн дэлгүүрээ нээж, иргэдэд бүтээгдэхүүнээ илүү ойртуулсан. Нийслэлээс гадна Дархан, Эрдэнэтэд салбараа нээж, бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээгээ тэлсэн. Манай брэнд Сингапур хотод болсон “ACES” буюу Азийн хамгийн үлгэр жишээ, тогтвортой хөгжиж буй аж ахуйн нэгж шалгаруулах шагнал гардуулах ёслолд оролцож, “Хариуцлагатай жижиг дунд үйлдвэр”-ээр шалгарсан. Энэ нь манай компанийн олон улсаас хүртсэн анхны шагнал болж байгаа. Энэхүү шагнал нь дан ганц жижиг дунд үйлдвэрүүдийн санхүүгийн амжилтыг үнэлээд зогсохгүй нийгмийн хариуцлага болон бизнесийн ёс суртахууныг харж өгдөг шагнал юм билээ.
-Бүтээгдэхүүнээ албан ёсоор экспортолж эхэлсэн гэж сонссон. Энэ нь олон улсын зах зээлд хэрэглэгчийнхээ тоог нэмэгдүүлнэ гэсэн үг. Үүнийг дагаад шинэ боломж нээгдэх байх?
-Тийм ээ. Өмнө нь бид өөрсдөө гадаадад байдаг хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнүүдээ бага багаар илгээж байсан бол энэ долоо хоногт албан ёсны экспортоо эхлүүлсэн. Хонконгд гаргасан анхны экспорт маань амжилттай болж, аль хэдийнэ хэрэглэгчдийн гарт хүрч, таашаалд нь нийцэж байгааг сонсоод их урам авч байна.
-Бүтээгдэхүүний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд хүндрэл, бэрхшээл гардаг уу. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Ер нь хүндрэлтэй. Түүхий эдийнхээ дийлэнх хэсгийг өөрсдөө бий болгож байгаа. Тухайн түүхий эдийг олон улсад хэрхэн боловсруулж байгааг өөрсдөө судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлж ирсэн. Манай түүхий эдүүд бүгд байгалийн гаралтай. Энэ нь бидний ялгарах давуу тал төдийгүй онцлог. Тодруулбал, чацаргана, нохойн хошуу, ганга, халгай, хонины сүүлний тос болон сүү, зөгийн лав, жамц давс зэрэг түүхий эдээ Монголоосоо авдаг. Харин манайд байдаггүй витамин Е, эфирийн тос, наргил модны тосыг Европоос авч байгаа. Манай компанийн гол зорилго бол олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн экспортлоход оршдог. Энэ утгаараа түүхий эд нийлүүлэгчдэдээ тодорхой шалгуур тогтоохоос гадна олон улсын стандартуудыг хангасан байх шаардлага тавьдаг. Тогтвортой нийлүүлэлт хамгийн чухал. Гэвч улирлын онцлогоос болоод бэрхшээл гарах нь бий. Орон нутгийн хөгжлийг дэмжих үүднээс малчдын гар дээрээс түүхий эдээ авахыг зорьж ирсэн. Түүхий эдийн боловсруулалтад өөрсдөө илүү анхаарч ажиллаж байна.
Байгаль орчинд ээлтэй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж байна
-Бизнесийн орчны нөхцөл байдал амаргүй байгааг зарим захирал дурдаж байсан. Та нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Бизнесийн орчин хаа сайгүй хүнд байгаа нь үнэн. Ялангуяа шинэ компаниудын хувьд бүр ч хүнд тусаж байгаа. Бусад оронд гарааны бизнесийг, тэр тусмаа инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжиж, эхний жилүүдэд татвараас чөлөөлдөг. Орлого нь тогтвортой бус, үйл ажиллагаа нь дөнгөж бэхжиж байгаа компаниуд татварын дарамтад байгаа. Энэ бэрхшээлтэй манай компани ч нүүр тулсан.
-Та оны өмнө Ази номхон далайн шилдэг залуу бизнес эрхлэгч болсон. Түүнээс гадна “Титэм” авардсын шилдгээр шалгарсанд баяр хүргэе. Амжилт болгоны ард хичээл, зүтгэл байдаг.
-Баярлалаа. Зөв зохистой зүйл хийж байгаагийн баталгаа болов уу. Манай үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрч, ойлгож, илүү ихийг хийж бүтээх урам зориг, итгэлийг уг шагнал өгсөн. Бидний тодотгол бол байгаль орчинд ээлтэй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж буйгаараа онцлог. Бүтээгдэхүүнээ гар аргаар, 100 хувь хаягдалгүй үйлдвэрлэж ирсэн. Мөн борлуулсан бүтээгдэхүүн бүрийнхээ ашгийн тодорхой хувийг сайн үйлсийн аянд зориулдаг. Компанийн нийгмийн хариуцлага, соёл өнөө цагт чухал үзүүлэлт. Тиймээс нийгмийн хөгжилд ч гэсэн өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг.