Ц.Дашдорж: “Алт-2” өмнөх алдааг давтахгүй

Ярилцлага

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Канад улсын Торонто хотод болж буй дэлхийн хайгуул, уул уурхайн чиглэлийн РDAC олон улсын хуралд тэрбээр оролцож буй.

-Засгийн газраас эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн өгөөжийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Эдийн засгийн өсөлт саарч, төгрөгийн ханш унасан үед алтны салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаад зогсчихсон аж ахуйн нэгжүүдийг сэргээх, эрдэс баялагийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хамгийн гол нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой учраас “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний үе шат 2017-2018, хоёрдугаар үе шат 2018-2020 онд хэрэгжинэ. Нэгдүгээр үе шат буюу ойрын хоёр жилийн хугацаанд холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгох, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх замаар алтны нөөцийг өсгөх, бэлэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хууль бус олборлолтыг таслан зогсоох арга хэмжээ авна. Харин хоёрдугаар шатанд, алтны хайгуул, олборлолт, үйлдвэрлэлд дэвшилт технологийг нэвтрүүлж, алтны олборлолтыг жил бүр 2-3 тонноор нэмэгдүүлсээр 2020 он гэхэд жилд 25 тонныг олборлосон байх бөгөөд нөөц 100-150 тонноор нэмэгдсэн байх зорилт тавьсан.

-Алтны салбар нь манай улсын эдийн засагт томоохон үүргийг гүйцэтгэж ирсэн. Та бүхний зүгээс өмнө нь хэрэгжиж байсан “Алт-1” хөтөлбөрийн үр дүнг тооцож үзсэн үү?

-Анх 1991 онд “Алт хөтөлбөр”- ийг санаачлан хэрэгжүүлснээр алтны олборлолт, экспорт мэдэгдэхүйц өссөн. 1995 онд 4.5 тонн алт олборлож байсан бол 2005 онд 24.1 тонн болж, тав дахин өссөн байдаг. Гэсэн хэдий ч “68 хувийн татвар”-ын хууль, “Урт нэртэй” хууль зэрэг хууль тогтоомж нь алтны олборлолт, алт тушаалтыг эрс багасгасан. Алтны тушаалт 2012 онд зургаан тонн болж, дөрөв дахин буурсан. Хууль эрх зүйн тогтвортой бус орчин, төрийн нэгдсэн бодлого, зарчим алдагдсаны нэг жишээ нь алтны салбар.

Бидний хувьд өмнөх алдааг давтаж болохгүй. Асуудлыг аль болох өргөн хүрээнд авч үзэж, цогцоор нь шийдэхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл, нэг талаас эдийн засгийн үр өгөөжийг бодохын зэрэгцээ нөгөө талаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь тооцож, үүнд тохирсон хяналтыг тавих ёстой. Хөтөлбөрийн хэрэгжилтэд манай яамнаас гадна, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам давхар хяналт тавьж, хариуцлага тооцож явна.

-Стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудын тоонд Гацуурт багтдаг. Алтны шороон ордын нөөц сүүлийн жилүүдэд багасч байгаа. Тиймээс үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгарч байна. Гацууртын ордын хэлэлцээрийг хэзээнээс үргэлжлүүлэх вэ?

-Дөрвөн Засгийн газрын нүүрийг үзэж буй энэ сэдвийг тойрсон хэл ам их. Аль болох ойлголцолыг эн тэргүүнд авч үзнэ. Нөхцөл байдалд бодитой хандаж, тулгарсан бэрхшээлийг давах учиртай. Хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газрыг гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжиж, ямар бодлого баримталж байгааг Гацууртын ордоор дамжуулж харж байна. Гацууртын ордын талаар УИХ болон Засгийн газраас гарсан хэд хэдэн баримт бичиг бий. Тухайлбал, УИХ-аас 2015 онд Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулж, 2016 онд энэ ордод Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоож өгсөн байгаа.

Эдгээр хууль тогтоомжийн хүрээнд үүрэг хүлээсэн Засгийн газрын хийх ёстой нэг ажил нь Гацууртын ордын хэлэлцээр юм. Энэ дагуу Ажлын хэсэг байгуулж, удирдамжийг баталсан. Бид удирдамжийн хүрээнд өмнөх хэлэлцээрийн түвшинг ахиулах зарчмаар ажиллана. Тус орд дээр ажиллах “Сентерра Гоулд Монголия” компаниас бид бодитой үр өгөөж, монголчуудын эрх ашгийг хүндэтгэсэн харилцааг хүлээж байгаа.

-Тавантолгойн хэлэлцээрийн Ажлын хэсгийг та ахалж байгаа. Хэлэлцээр ямар шатанд байна вэ?

-Эдийн засаг, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй энэ үед Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь манай улсын хувьд нэн чухал. Тавантолгойн нүүрсний зах зээлийн хувьд БНХАУ, цаашлаад гуравдагч орнууд байна. Манай өмнөд хөрш бол коксжсон нүүрсний хамгийн том хэрэглэгч, төдийгүй олборлогч. Тэд жилд хэрэглэдэг 500 гаруй сая тонн нүүрснийхээ 10 гаруйхан хувийг л импортоор авч байгаа. Манай одоогийн экспорт энэ өндөр хэрэглээний дөнгөж тав орчим хувьтай л тэнцэж байна. Ингэж харвал, Тавантолгой бол улс төрийн төсөл биш. Бүс нутгийн хөгжлийг тэтгэх бизнесийн том төсөл гэдэг нь тодорхой юм.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар хэвийн олгож байна
-Мега төслийг тойрсон янз бүрийн таамаг, хардалт яваа. Тавантолгойн хэлэлцээр нааштай үр дүнд хүрээсэй гэсэн хүлээлт их байна.

-Тийм ээ. Бизнесийнхээ агуулгаар явахад нь улстөржилт дэндүү их садаа болсоор өдий хүрлээ. Хэрвээ энэ ажлыг гацаачихгүй бол 2017 онд 900 сая ам.долларын экспортын орлого төлөвлөж байна. Цаашдаа жилд дунджаар 1.4 тэрбум ам.долларын орлого олоод байхад 2021 оноос ногдол ашгаа хувиарлах боломжтой.

Өнөөдөр Тавантолгойн нийт хувьцааны 17.5 хувийг иргэд эзэмшдэг. Энэ нь нэгэнт УИХ, Засгийн газрын шийдвэрээр хэлбэржсэн учраас төсөл хэрэгжээд эхэлмэгц иргэдэд тараасан хувьцаа нь бодит үнэ цэнэтэй болно. Энэ агуулгаараа иргэн бүр хувьцаа эзэмшигчийн хувьд төслийнхөө ирээдүйд санаа тавьж, хянаж, дэмжиж явах учиртай. Тавантолгойгоос төсөвт оруулах татвар, хураамжаас гадна эдийн засагт оруулах өгөөжийг нь нэмэгдүүлэхэд бид анхаарч байгаа. Тухайлбал, үндэсний гүйцэтгэгч компаниудын оролцоог хангах замаар ажлын байр нэмэгдүүлэх, уул уурхай дагасан жижиг, дунд бизнесүүдийг дэмжих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Та “Discover Mongolia” чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох журмыг өөрчлөх тухай” онцолсон удаатай. Цаашдаа ямар өөрчлөлт орох вэ?

-Тийм ээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгаас өргөдөл тус бүрээр санал авдаг журмыг өөрчилж, хайгуулын зөвшөөрөл олгох талбайн талаар Засгийн газар болон орон нутаг нэгдсэн саналд хүрсэн. Үүний дараа тусгай зөвшөөрөл олгодог байх тухай ярьсан юм. Өнгөрсөн хугацаанд бий болсон хамгийн том хүндрэл бол тусгай зөвшөөрлийг төвөөс авсан хөрөнгө оруулагчид дахиад орон нутгаас дэмжлэг авахын тулд захиргааны хүнд суртал, ойлголтын зөрүү гэх мэт саад бэрхшээлтэй тулгардаг явдал. Зөвхөн энэ үйл явц л гэхэд нэг талаас хөрөнгө оруулагчдыг залхаах, нөгөө талаас авилга үүсэх сэдлийг бий болгож байсан. Манай улс хайгуулын тусгай зөвшөөрлийг хоёр өөр зарчим, журмаар олгодог. Нэг дэх, сонгон шалгаруулалтын журам буюу тендерийн зарчмаар бол хоёр дахь, өргөдлийн буюу хэн түрүүлж хүсэлт гаргасан нь авах зарчмаар олгож байгаа. Одоогоор хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар хэвийн олгож байна. Цаашид улам боловсронгуй, ил тод болгох шаардлага бий.

-Хүнд үйлдвэрийн салбарт ямар ажил өрнөж байна вэ?

-Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр гурвыг салгаж төлөвлөж болохгүй. Энэ агуулгаар асуудалд цогцоор хандах учиртай. Өнөөдөр уул уурхайн салбарын энэ гурван хэлхээний бие биеэ нөхцөлдүүлсэн хөгжлийн төлөвлөлтөд тасалдал гарсан байна. Энэ доголдолыг аль болох хурдан хугацаанд засах хэрэгтэй. Тухайлбал, нүүрс, зэсийн хайгуул, олборлолт хөгжөөд явсан байхад түүнийг өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож хувиргах хүнд үйлдвэр нь хоцорчихсон байна. Тийм ч учраас манай Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт дөрвөн том үйлдвэрийн төсөл орсон байгаа. Ашиглалтад оруулахад мэдээж нэлээд хугацаа, тууштай бодлого шаардана. Эхнийх нь Дархан Сэлэнгийн бүсэд байгуулах хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулах төсөл амжилттай явж байгаа. Тус үйлдвэрийн техник эдийн засгийн үнэлгээ /ТЭЗҮ/ нь ирэх долдугаар сард эцэслэн бэлэн болох бөгөөд нийт 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Уг төслийн хүрээнд Монгол Улсад анхны давтах аргын технологитой, орчин үеийн тэргүүлэх технологид суурилсан бүрэн автомат удирдлага, хяналтын системтэй үйлдвэр энэ оны эхээр ашиглалтад орлоо.

-Дөрвөн том үйлдвэрийн дараагийн төсөл нь юу байх вэ?

-Хоёр дахь том төсөл бол нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэр. Энэ үйлдвэрийн ТЭЗҮ ирэх сард бэлэн болно. Ингээд хөрөнгө оруулалтаа босгоод явах юм бол бүтээн байгуулалтын ажилд дөрвөн жил шаардлагатай. Үйлдвэр 725 сая шоо метр байгалийн нийлэг хий үйлдвэрлэх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын утааг арилгах төсөл хэрэгжих боломжтой болж, агаарын бохирдлыг 80 орчим хувиар бууруулна.

Гурав дахь төсөл нь Оюутолгойн уурхайг түшиглэсэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр. Жилдээ 257 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж, 1.9-2 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. Дөрөв дэх нь газрын тос боловсруулах үйлдвэр. Бид Дорнод аймгийн Матад сум буюу 19, 21 дүгээр талбайгаас олборлож байгаа түүхий эддээ тулгуурласан газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Үйлдвэр ашиглалтад орсноор ойролцоогоор 507 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 300 мянган тонн онгоцны шатахуун үйлдвэрлэх юм. Ийм зорилготой ажиллаж байна
САНАЛ БОЛГОХ