МАДА: 2016 оны эхний хагас жилд автомашины импорт 58 хувиар буурсан
Монгол Улсад олон улсын томоохон автомашин үйлдвэрлэгч компаниутай гэрээтэй ажилладаг 17 дистрибьютор компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани 2016 оны эхний хагас жилд нийт 8171 автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 58 хувиар буурсан дүн болохыг Монголын автомашины дистрибьюторуудын ассоциациас мэдээллээ. Тайлант хугацаанд импортолсон автомашины 85 хувь нь хуучин автомашин байгаа бол 15 хувь буюу 1160 нь шинэ автомашин байна. Эндээс харахад шинэ автомашины импорт өмнөх оноос 15 хувиар өсч, хуучин автомашины импорт 62 хувиар буурчээ. Компаниудын хувьд "Таванбогд моторс" компани нийт 419 автомашин импортолсон бол "Моннис моторс" 221, "Мөнххада" 117 харин "Хэт моторс" компани 62 автомашин импортолсон байна.
Харин дистрибьютор компаниудын мэдээлснээр дотоодод эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч иргэдийн худалдан авах чадвар буурснаас гадна гол импортлогч улс болох Японы иенийн ханш чангарч байгаа нь хүндээр тусч байгаа аж. Энэ оны эхний долоон сарын байдлаар Японоос импортолсон суудлын автомашины хэмжээ нийт импортын 85 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм. Үүнийг мөнгөн дүнгээр нь тооцвол Японоос импортолсон хэмжээ нь жилийн өмнөхөөс найман сая орчим ам.доллараар нэмэгдсэн байна. Он гарснаас хойш иенийн ханш төгрөгийн эсрэг 30 хувиар чангараад байгаа юм. Мөн Монголын автомашины дистрибьютеруудын ассоциацид бүртгэлтэй компаниудын шинэ автомашины борлуулалт оны эхний хагас жилд 12 хувиар өссөн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй