2017 он гарсаар суудлын автомашины импорт огцом нэмэгджээ
Япон автомашины импорт нэмэгдсэнээр 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар суудлын автомашины импорт огцом өссөн дүнтэй гарлаа. Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр оны эхний дөрвөн сард суудлын автомашины импорт 58 хувиар нэмэгдэж, 18 мянга 357 болсон байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 84.2 сая ам.доллар болж, жилийн өмнөхөөс 23 хувиар өссөн дүнтэй байна. Мөн нийт мөнгөн дүнгийн 88.4 хувь буюу 74.5 сая ам.доллараар Япон улсаас суудлын автомашин импортолжээ. Харин үлдсэн 11.6 хувь буюу 9.7 сая ам.доллараар БНХАУ, БНСУ, Герман болон бусад улсаас автомашин импортолсон байна.
Харин ачааны автомашины импорт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард буурсан дүнтэй байсан бол энэ оны мөн үед 56 хувиар өсөж, 2594 болсон байна. Үүнд Бүгд Найрамдах Беларус улсаас импортолсон ачааны автомашины тоо нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Өнгөрсөн онд Беларус улсаас 2.5 сая ам.долларын ачааны автомашин импортолж байсан байна. Харин энэ онд дээрх тоо 4.2 дахин өсөж, 10.5 сая ам.доллар болжээ.
Ингэснээр энэ оны эхний дөрвөн сард импортолсон ачааны автомашины мөнгөн дүнгийн 50 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Монгол Улс оны эхний дөрвөн сард 29.5 сая ам.долларын ачааны автомашин импортолжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй