“Volkswagen” 28 мянган ажилтныхаа ажлын цагийг бууруулахаар боллоо

Мэдээ

“Volkswagen” компани зөрчилтэй байсан ханган нийлүүлэгч хоёр компанитайгаа зөвшилцөлд хүрсэн талаарх мэдээлэл авто зах зээлийн салбарт анхаарал татаж байна. Тодруулбал Европын хамгийн том автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” наймдугаар сарын 18-нд арван мянган ажилтныхаа ажлын цагийг бууруулах шийдвэр гаргасан. Харин энэ нь ханган нийлүүлэгч компаниудад сөргөөр нөлөөлж томоохон нийлүүлэгч болох “CarTrim”, “ES Automobile” компаниуд “Volkswagen”-ийг гэрээгээ урьдчилан мэдэгдэлгүй зөрчсөн мөн нөхөн төлбөр санал болгоогүй гэх шалтгаанаар нийлүүлэлтээ зогсоосон юм. Энэ хоёр компани нь “Volkswagen”-ийн хамгийн өндөр борлуулалттай “Passat” болон “Golf” загварын автомашины сэлбэгийг нийлүүлдэг аж.

Компаниуд нийлүүлэлтээ зогсоосноор “Volkswagen”-ийн ХБНГУ дахь арван үйлдвэрийн 28 мянга гаруй ажилчны ажил зогсчээ. Тиймээс "Volkswagen" ханган нийлүүлэгчидтэйгээ энэ даваа гарагт хэлэлцэж асуудлыг эергээр шийдсэн гэж компаниас мэдээлсэн. Хэлэлцээрийн дүнд “CarTrim”, “ES Automobile” компаниуд нийлүүлэлтээ үргэлжлүүлж, “Volkswagen” 28 мянган ажилтныхаа ажлын цагийг бууруулахаар болжээ. Тэгвэл олон улсын шинжээчид энэ үйл явдлыг “Маргаан хоёр талд аль алинд нь сөрөг нөлөөтэй төдийгүй “Volkswagen”-д илүү хүнд тусах байсан” гэсэн байна. Түүнчлэн “UBS” банкны судлаачид “Volkswagen”-ийн үйлдвэрлэл нэг долоо хоног зогсвол компанид 113 сая ам.долларын хохирол учирч, ханган нийлүүлэгч 100 гаруй компанид нь ч хүнд цохилт болно гэж тооцоолжээ.



САНАЛ БОЛГОХ