Төмөр замаар тээвэрлэсэн ачааны тоо нэмэгдэж, зорчигчийн тоо буурчээ
2017 оны эхний таван сард төмөр замаар тээвэрлэсэн ачааны тоо нэмэгдсэн бол зорчигчийн тоо буурсан дүнтэй байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Тухайлбал, 8.4 сая тонн ачаа, давхардсан тоогоор нэг сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 12.6 хувиар өсөж, зорчигчид 1.5 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Оны эхний таван сард төмөр замаар тээсэн ачаанд дотоодын ачаа 42.2 хувь, экспортын ачаа 35.2 хувь, импортынх 9.4 хувь, дамжин өнгөрсөн ачааных 13.2 хувийг эзэлж байна. Харин салбарын орлого 195.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 40 тэрбум төгрөгөөр буюу 25.7 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд төмрийн хүдрийн экспорт болон нефтийн бүтээгдэхүүний дамжин өнгөрөх тээвэрлэлт өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Үүнээс гадна агаарын тээврийн ачаа тээвэрлэлт хоёр хувиар буурч, 1.1 сая тонн болсон бол зорчигч тээвэр давхардсан тоогоор 261.8 мянган болж өмнөх оны мөн үеэс 18.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Үүнээс орон нутгийн буюу дотоод дахь зорчигчдын тоо 109.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 42.5 хувиар өссөн нь анхаарал татаж байна. Харин олон улсад зорчигчид 152.7 мянга болж, 5.8 хувиар өссөн байна. Харин агаарын тээврийн салбарын орлого 104 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.5 тэрбум төгрөгөөр буюу 17.5 хувиар өссөн дүнтэй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй