Ухаалаг бугуйн цаг үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ танаж байна
Сүүлийн нэг жилийн хугацаанд ухаалаг бугуйн цагны нийлүүлэлт 51.6 хувиар буурсан талаар зах зээлийн судалгаа явуулдаг "IDC" байгууллага мэдээллээ. Тухайлбал зах зээлийн хамгийн том тоглогч болох таван брэндийн зөвхөн нэг нь буюу "Garmin"-ий нийлүүлэлт нэмэгдсэн. Харин бусад дөрвөн брэндийн нийлүүлэлт 2-3 дахин буурсан байна. Тэр дундаа "Apple Watch"-ийн нийлүүлэлт сүүлийн нэг жилийн дотор 71.6 хувиар мөн "Lenovo" компанийн "Moto 360" ухаалаг бугуйн цагны нийлүүлэлт хамгийн их буюу 73.3 хувиар буурчээ. "Apple"-ийн хувьд энэ оны III улирлын нийлүүлэлт хамгийн огцом хэмжээгээр буурсан. Энэ нь компани зах зээлийн төлөвлөгөөгөө өөрчилсөнтэй холбоотой.
Учир нь компани тансаг зэрэглэлийн ухаалаг бугуйн цагны үйлдвэрлэлээ бууруулж, финтессийн зориулалттай цаг үйлдвэрлэлд голчлон анхаарах болсон. Энэ хугацаанд зах зээлд нэг сая "Apple Watch"-ийг нийлүүлжээ. Харин өнгөрсөн оны III улиралд 3.9 сая "Apple Watch" нийлүүлсэн юм. Харин "Samsung" компанийн ухаалаг бугуйн цагны нийлүүлэлтэд өөрчлөлт ороогүй. Харьцангуй бага буюу жилд 400 мянган цаг зах зээлд нийлүүлсэн хэвээр байна. Нийлүүлэлт нь өссөн ганц компани буюу АНУ-ын "Garmin"-ий хувьд 2016 оны нийлүүлэлт өнгөрсөн оноос тав дахин өсч, 600 мянган цаг зах зээлд нийлүүлээд байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй