"Оюу Толгой" ХХК Шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулав

Мэдээ

“Оюу Толгой” компани жил бүр Оны шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулдаг “Эрдэнийн говь” ёслолын арга хэмжээг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгууллаа. Шилдэг ханган нийлүүлэгчдийг өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлээр нь үнэлж, аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд, бизнесийн үйл ажиллагаа, үндэсний болон орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгч, Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч гэсэн таван төрөлд нэр дэвшүүлж, шалгаруулсан байна. “Шилдэг нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч”-ээр “Эс Жи Эм Эс” ХХК, Өмнөговийн “Шилдэг ханган нийлүүлэгч”-ээр “Өмнөговь интерпрайз” ХХК, “Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч”-ээр “Эрчим электрик” ХХК, “Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч ханган нийлүүлэгч”-ээр “Говь газ” ХХК, “GRAND PRIX” буюу “Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч”-ээр "Оюу Толгой" компанийн нислэгийн тээврийг хариуцдаг “Хүннү эйр” ХХК шалгарлаа. 2016 онд “Оюу Толгой” компани 1200 гаруй ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан байна.

Үүнээс 62 хувь нь үндэсний ханган нийлүүлэгч компани байжээ. Үндэсний компаниудтай 279 сая ам.долларын худалдан авалт хийсэн гэж тус компаниас мэдээлсэн байна. “Оюу Толгой” компани бодлогын хувьд аль болох Ханбогд, Даланзадгадад үйл ажиллагаа явуулдаг компаниудыг ханган нийлүүлэгчээр сонгож байгаагаа онцоллоо. Тухайлбал, өнгөрсөн онд Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгч компанийн тоо 90 болжээ. Ингэснээр 69 сая ам.долларын бүтээгдэхүүн худалдан авсан байна. Харин энэ онд 83 сая ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Мөн “Оюу Толгой” компани 2016 онд Монгол Улсад зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.



САНАЛ БОЛГОХ