Интернэт банк хэрэглэгчдийн тоо 350 мянга давжээ

Мэдээ

Сүүлийн нэг жилийн хугацаанд банкны гүйлгээг онлайнаар идэвхтэй хэрэглэгчдийн тоо хоёр дахин нэмэгдэж интернэт банкны хандалт эрчимжиж байна. Монголбанкны хөдөлгөөнт банкны тайланд дурдсанаар интернэт ашиглан банкны гүйлгээ хийдэг идэвхтэй хэрэглэгчдийн тоо 350 мянга давжээ. Өнгөрсөн оны I улирлын байдлаар нийт банкны харилцагчдын ердөө 149 мянга нь интернэт хандалтаар банкны үйлчилгээ авдаг байсан аж. Гэхдээ нийт 719 мянга гаруй хүн интернэт хандалт хийх эрх авснаас ердөө 50 гаруй хувь нь идэвхтэй хэрэглэж байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж салбарынхан дүгнэж байна. Интернэт банкны харилцагчид үйлчилгээний төвд биеэр очихгүйгээр данс хооронд мөнгө шилжүүлэх, гадаад гуйвуулга буюу SWIFT гүйлгээ хийх, зээлийн эргэн төлбөр төлөх, хэрэглээний төлбөр төлөх, дансны хуулга авах зэрэг олон төрлийн үйлчилгээ авдаг.

Мөн арилжааны банкууд зээлийн эргэн төлөлтийн хуваарь харах, төлбөрийн карт захиалах, цалингийн зээл, овердрафтын өргөдөл бөглөх, хадгаламж барьцаалсан зээл авах зэрэг үйлчилгээг интернэтээр үзүүлж байгаа юм. Хамгийн сүүлд “Moneygram” мөнгөн гуйвуулгыг онлайнаар хийх "Moneygram Self-Service" үйлчилгээг Худалдаа хөгжлийн банк нэвтрүүлсэн. Худалдаа хөгжлийн банк нь арилжааны бусад таван банктай хамтран “Moneygram” үйлчилгээг хүргэдэг. Энэ үйлчилгээгээр дамжуулан жилд 50 мянга гаруй гүйлгээ хийдэг байна. Эдгээрийн 90 гаруй хувь нь хүлээж авах гүйлгээ, 10 орчим хувь нь гадагшаа мөнгөн гуйвуулга хийх гүйлгээ байсан бол энэ харьцаа одоо ойролцоогоор 70:30 болж өөрчлөгджээ. Оны сүүлээр АТМ-ээр дамжуулан “Moneygram” үйлчилгээг явуулах боломж бүрдүүлнэ гэж Худалдаа хөгжлийн банкнаас мэдээлсэн юм.



САНАЛ БОЛГОХ