О.Оюунтуяа: Соёл бол түвэггүй ойлголцох цорын ганц хэл

Ярилцлага

Боловсролоо дээшлүүлж, амьдралаа залгуулахад загвар өмсөгчийн ажил их хэрэг болсон

Монгол бол язгуур болон сонгодог урлагийн бүхий л төрлөөрөө өндөр түвшинд хөгжсөн улс гэдгийг дэлхийн урлагийн өлгий нутагт сурталчлах ажилд хүчин зүтгэж буй О.Оюунтуяаг “Хүмүүс” буландаа урилаа. Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ- уудын II чуулганд оролцохоор эх орондоо цөөн хоног саатсан тэрбээр Монголын урлагийн салбарынхан хилийн чанадад тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэхийн чухлыг ийн онцолсон юм.

-Юуны өмнө монголчуудын соёл, ахуйг дэлхийд сурталчлан таниулах үйлсийг тань үнэлж, Монголын соёлын элчээр томилсонд баяр хүргье.

-Баярлалаа. Соёлын элчийн томилолтыг наймдугаар сард Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болороос гардаж авлаа. Гадаадад байгаа монголчууд эх орноо сурталчлах маш их хүсэлтэй байдаг. Өмнө нь Монголын соёлын элчийг гадаад хүмүүст өгдөг байсан. Харин 2015 оноос тодорхой шалгуураар Гадаад харилцааны сайд монгол хүн томилдог болсон. Соёлын элчийн хувьд ГХЯ, ЭСЯ-дуудтайгаа ойр хамтран ажилладаг. Европын Холбооны орнуудад хоёр монгол элч томилогдон ажиллаж байна.

-Та Монголын соёл, урлагийг дэлхийд сурталчлах ажилд хэзээнээс орсон бэ?

-1995 онд “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцохоос эхэлсэн. Улмаар 2000 он хүртэл олон улсын чанартай олон тэмцээн уралдаанд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцож байсан. Харин 2000- 2001 онд Германд ажиллаж, амьдарч байхдаа Монголын ЭСЯ, загвар зохион бүтээгч Н.Соёлмаа нартай хамтран Монголын соёлын хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж, оролцсон. Түүнээс хойш өөрийн боловсрол, мэдлэгтээ анхаарал тавьж, ХБНГУ-н Потсдамын их сургууль, Потсдамын мэргэжлийн дээд сургуулийг Европын Хэвлэл мэдээлэл зүй мэргэжлээр баклаврын зэрэгтэй, Freie Universitaet-ийг Соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарын удирдлага зүйч, менежер мэргэжлээр магистрын зэрэгтэй тус тус дүүргэлээ.

2012 онд эх орондоо удаан хугацаагаар ирж, Монголын урлаг соёл, хэвлэл мэдээллийн салбарт судалгаа хийж, хөгжүүлэхэд юу шаардлагатай, юу хөгжсөн, дутуу байгааг олж мэдсэн. Ийнхүү 2013 оноос мэргэжлээрээ Монгол Улсынхаа соёл урлагийг сурталчлах ажлыг эхлүүлээд байна.

Ажлын үр дүн гарахад их сайхан мэдрэмж төрдөг

-Та соёл, урлагийн нөлөөг яаж хардаг вэ?

-Соёл урлаг бол улс хоорондын хүндэтгэл, харилцан ойлголцол хамтын ажиллагааны гүүр юм. Соёл бол өөрсдийгөө мэдрэх, илэрхийлэх, хүлээн авах, хоорондоо түвэггүй ойлголцох дэлхий дээрх цорын ганц хэл гэж ойлгодог. Хүмүүс соёлыг бүтээдгийн адил бас сонирхдог. Тиймээс хоёр орны хооронд мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг байгууллагууд болон хамтын ажиллагаануудын сүлжээг идэвхжүүлэх нь чухал. Герман бол Монгол Улсын хувьд эдийн засаг, улс төрийн төдийгүй соёл урлагийн салбарт удаан хугацааны чухал түнш явсаар ирсэн түүхтэй.

-Монгол Улс 2015 онд “НордАрт”-ын “Онцлох орон”- оор оролцсон. Та энэ ажлыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүний үр дүн өнөөдөр хэрхэн илэрч байна вэ?

-Төслийг санаачлах гол үндэслэл нь бидний зүгээс Монголын дүрслэх урлагийн салбар, онцлогийг олон улсын сонирхогчдод өргөн хүрээтэй, олон өнцгөөр, мэргэжлийн өндөр түвшинд сурталчлан таниулах явдал байсан. Түүнээс гадна манай “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ дотоодын болон олон улсын соёл, урлагийн салбар хоорондын байнгын солилцоо, тогтвортой хөгжлийг хангах үндсэн нэг гүүр болохыг зорьдог. Энэхүү төсөл урт хугацааных учир “НордАрт”-ын эцсийн үр дүнг одоо ярихад эрт байна. Гэхдээ эхний үр дүнгээс хэлэхэд 2015 онд хүрэлцэн ирсэн 80 мянган үзэгч Монголын павилионыг өндрөөр үнэлсэн. Мөн 1200 уран бүтээлээс манай А.Очирболдын бүтээл Үзэгчдийн нэрэмжит III байрын шагнал хүртсэн. Дэлхийд нэрд гарсан олон уран бүтээлчийн карьер нь Европоос эхлэлтэй. Тиймээс Монголын уран бүтээлчид дэлхийн түвшинд гарахад Герман орон чухал нөлөөтэй.

-“НордАрт” манай урлагийн салбарт яг ямар бодит дэмжлэг болсон талаар та тодорхой хэлж өгнө үү?

-“НордАрт”-ыг зохион байгуулагч “Карлсхютте” ашгийн бус байгууллага нь бидэнтэй удаан хугацааны турш хамтарч ажиллахаас гадна “НордАрт-2015”-д 3000 ам метр, “НордАрт-2016”-д 1000 гаруй ам метр зориулалтын талбайг тус тус гаргаж өгсөн. Түүнчлэн жил бүрийн үзэсгэлэнгийн хэвлэлийн 80-100 мянган тараах материал, 3500 каталогт манай уран бүтээлчид, тэдний бүтээлийн талаарх мэдээллүүд орсон. Энэ бүхнийг дэлхийн өнцөг булан бүрт тараан, сурталжилж байна. Үзэсгэлэнг жил бүр 80-95 мянган үзэгч хүрэлцэн ирж сонирхдог. Энэ бүхэн нь Монголын соёл урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулахад оруулж буй томоохон хувь нэмэр, дэмжлэг гэж бодож байна.

-“Онцлох орон”-ы уран бүтээлийг үзэгчид хэр зэрэг хүлээн авч байв?

-Биднийг нүүдэлчдийн соёлоор төсөөлж байсан гадны үзэгчид Монголын павилионыг үзээд манай дүрслэх урлаг арвин өвтэй, өөрийн гэсэн онцлогтойг, мөн дэлхийн тавцанд мөр зэрэгцэн алхаж буйг таньж мэдсэн. Энэ бүхнийг зөвхөн үзэгч, сонирхогчид төдийгүй мэргэжлийнхэн, кураторууд санал нэгтэйгээр шагшин хүлээж авсан. Энэ жилийн үзэсгэлэнд надад ямар шинэ содон бүтээл үзүүлэх гэж байна вэ гэсэн тун өндөр хүлээлттэй ирсэн.

-Манай уран бүтээлчдэд ямар онцлог ажиглагдаж байсан бэ?

-Нийтлэг ажиглагдсан нэг онцлог бол манайхан техникийг гаргууд эзэмшжээ. Европт өөрөө өөрсдийгөө илэрхийлэх чадвар маш их үнэлэгддэг. Түүнчлэн ахмад уран бүтээлчдийн өндөр түвшинд эзэмшсэн академик чадварыг дурдах нь зүйтэй. Мөн манай уран бүтээлчдийн нэн шинэ үеийн бүтээлүүд дотор монгол ахуй, соёл уламжлалын элементүүд шингэсэн байгааг онцлон тэмдэглэж байсан даа.

-Хэдий уран бүтээлчид өөрийгөө илэрхийлж уран бүтээл туурвидаг ч түүнийгээ худалдах, борлуулах ажил манайхны тулгамдсан асуудал байдаг. Бүтээлээ борлуулах суваг хэр зэрэг нээлттэй байдаг вэ?

-Аль ч улс оронд арт маркет буюу урлагийн зах зээл өөрийн хөгжлийн голдирлоор явагддаг. Намайг 2012, 2013 онд ирэхэд Монголын урлагийн зах зээлд маш том хөөс бий болсон байсан. Маш чадалтай уран бүтээлч боловч бүтээлээ борлуулна гэдэг сэдэлд хөтлөгдөн хийх тохиолдол их байсан. Бүтээлч сэтгэлгээнээс илүү бусдад таалагдахаар хийж байгаа нь ажиглагдсан. Инстоляци болон үйлдлийн урлагт ч ялгаагүй. Гэхдээ энэ бүхнийг зөв хийвэл олон улсын зах зээл дээр гарах боломжтой. Зах зээлд гарахын тулд өөрсдийн онцлог, өрсөлдөгчдийн хаашаа явж байгааг мэдэх, олон улсын эрүүл өрсөлдөөн өрнүүлэх нь маш чухал.

-Та энэ тал дээр дэмжлэг үзүүлдэг үү?

-Мэдээж үзүүлэлгүй яах вэ. “НордАрт”-д оролцсон тодорхой бүтээлүүд нь борлуулагддаг. Мөн таалагдсан уран бүтээлчийнхээ бүтээлийг худалдаж авахаар ирдэг үйлчлүүлэгчид ч бий. Гэхдээ барууны үзэгчид урлагийн маш өндөр мэдлэгтэй учир хувь уран бүтээлчид өөрсдийн гүйцэтгэлдээ үнэхээр чадварлаг байх ёстой гэдгийг манайхан ойлгодог болсон. Үүнд сүүлийн хоёр жилд маш их хөдөлгөөн, өөрчлөлт орж буйд би хувьдаа тун баяртай явдаг. Нэг уран бүтээлчийн жил дарааллан гаргасан бүтээл гэхэд хоорондоо тэс өөр. Эхнийхээсээ шинэлэг байдлаараа илүү болж байна. Энэ бүхнийг наанадаж материалын сонголтоос нь харж болно. Хэдий чөлөөт сэтгэлгээ ч гэсэн хэдэн жилийн настай бүтээл хийх вэ гэдгээ манай уран бүтээлчид өөрсдөө маш сайн ойлгож эхэлсэн. Зах зээлийн эргэлтэнд оруулах тогтвортой суурийг бий болгоход бид бүхэн анхаарч ажиллаж байна.

-Манайд урлагийн орчин бүрдүүлэхэд юу хийх шаардлагатай вэ?

-Аливаа зүйлийг олон талаас нь туршиж үзэх нь зөвхөн манай салбарын хэрэгцээ биш юм. Бүхий л салбарт байдаг. Тиймээс нэг талаас сонирхогч, үзэгчид байхгүй бол урлаг оршин тогтнохгүй. Нөгөө талаар урлагийн боловсролыг бүр багаас нь бүх хүрээнд олгох хэрэгтэй. Үзэгч нараа хүмүүжүүлэх нь хэсэг бүлгийн ажил биш. Энэ салбарт хамаардаг шүүмжлэгч, хэвлэл мэдээллийнхэн гээд бүх л субьектийн үүрэг. Урлагийн хэл гэж шат шатанд өөр. Нэг л обьектийг гэхэд 5-6 хэлээр тайлбарладаг онцлогтой.

-Та ажлаасаа сэтгэл ханамж авдаг уу. Хэрэв тийм бол юу нь таныг хөглөдөг вэ?

-Энэ бол миний сонгосон ажил мэргэжил учраас бүх л зүйлдээ сэтгэлээсээ ханддаг. Тиймээс ажлаасаа сэтгэлийн таашаал авдаг бөгөөд үр дүн гарахад их сайхан мэдрэмж төрдөг.

-Та 10-аад жилийн өмнө Германы нэгэн сэтгүүлчийн чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэсэн асуултад уран зураг, дүрслэх урлаг сонирхдог гэж хариулж байсан. Тэр үеийн сонирхол одоо таны ажил болсон. Тэгвэл та одоо чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Ажил мэргэжил, чөлөөт цаг маань бараг хамт болжээ. Ном их уншдаг. Мөн судалгааны ажил ихтэй байдаг тул үзэсгэлэн, уран зураг, уран бүтээлчдийн талаар маш их уншиж, мэдээлэл цуглуулдаг. Сэдвийн хувьд урлагийн түүх их сонирхдог.

-Гэр бүлдээ цаг гаргаж амждаг уу?

-Амралтын өдрүүд болон оройн цаг бол яалт ч үгүй гэр бүлийнх байдаг. Гэхдээ сүүлийн гурван жил олон төсөл хэрэгжүүлж, ачаалал ихтэй байгаа тул аль алиныг нь зохицуулах гээд л явж байна даа.

-Таны ажлыг гэр бүлийн тань хүн хэр зэрэг дэмждэг вэ?

-Би сайн ханьтай хүн. Миний санаж зорьсон бүх л ажлыг дэмждэг дотнын зөвлөгч. Бид ямар ч сэдвээр зөвлөлдөж, чөлөөтэй ярилцдаг. Бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэж, санал бодлоо хоорондоо чөлөөтэй солилцох нь гэр бүлд маш чухал гэж би боддог. Энэ бүх орон зайг миний хань нөхдөг.

» Намайг 2012, 2013 онд ирэхэд Монголын урлагийн зах зээлд маш том хөөс бий болсон байсан.

» Оюутан байхдаа сургууль дээрээ ирмэгц хичээлдээ төвлөрч, амралтаараа загвар өмсөгчийн ажлаа хийдэг байлаа.

» Монгол хүний ур ухаан, зохиолоор бүтсэн жүжиг, уран бүтээл, монгол контент олон тайзнаа тавигдаасай гэх зэргээр энэ олон дуслыг хураагаад далай болгодоггүй юм аа гэхэд ядаж нуур болгохыг л зорьж байна.

-Монголыг сурталчлах ажил тань загварын гараанаас эхэлжээ. Одоо загварынхантайгаа ямар холбоотой байдаг вэ?

-Монголд, Азид загвар өмсөгчийг залуу насны ажил гэж үздэг. Харин Европт загварын хэрэглэгчид ихэнхдээ нас тогтсон, ажил албандаа тодорхой хэмжээгээр ахиж дэвшсэн хүмүүс байдаг. Тиймээс Европын загварын салбарт насны ялгаа бараг байхгүй. Миний хувьд энэ салбарт олон жил ажилласны хувьд 15, 16 настайгаас эхлээд 60, 70 хүрсэн хүмүүстэй ч одоо янз бүрийн байдлаар холбоотой байдаг. Бас миний үеийнхэн дотроос эдийн засагчаар, шүүгчээр ажилладаг хүмүүс ч байна.

-Европт загвар өмсөгчөөр ажиллахад ямар байсан бэ?

-Боловсрол, мэдлэгээ дээшлүүлэхээр суралцах, амьдралаа залгуулахад миний загвар өмсөгчийн ажил их хэрэг болсон. Надад олон талаар ажиллах бололцоо өгсөн. Оюутан байхдаа сургууль дээрээ ирмэгц хичээлдээ төвлөрч, амралтаараа загвар өмсөгчийн ажлаа хийдэг байлаа. Оюутны амралтаар загварын сезон эхэлдэгийг ч хэлэх үү заримдаа тоглолтоос тоглолт, онгоцноос онгоцонд л явдаг байв.

-Европт хөлөө олоход танд ямархуу байсан бэ, бэрхшээлтэй санагдаж, ирсэндээ харамсах үе байсан уу?

-Амар хялбар зүйл гэж байхгүй шүү дээ. Гэхдээ хүн хичээвэл заяа хичээнэ гэдэг үнэн. Тиймээс харамсдаггүй.

-Таны амбийцийн хязгаар хаана вэ. Та өөрийгөө карьерын оргилынхоо хаана явж байна гэж дүгнэх вэ?

-Яг энэ тал дээр хэлж мэдэхгүй байна. Монголын дүрслэх урлагийг олон талаас нь гадаадад сурталчлах хэрэгтэй. Монголд ардынх нь ч, сонгодог болон орчин үеийн урлаг ч байдаг юм шүү гэдгийг хүн бүр мэдээсэй гэсэн хүсэл бол миний ажлын зорилго. Гадаадын мэргэжлийн байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлж байж Монголын урлагийн салбар хэнээс ч хамаарахгүйгээр оршин тогтноно. Урлагийнхан бол сэтгэлээрээ ажилладаг хүмүүс. Тэдний маань нэг нь ч гэсэн дэлхийн хэмжээнд гараасай, хэнээс ч хараат бусаар оршоосой гэж хүсдэг. Бас монгол хүний ур ухаан, зохиолоор бүтсэн жүжиг, уран бүтээл, монгол контент олон тайзнаа тавигдаасай гэх зэргээр энэ олон дуслыг хураагаад далай болгодоггүй юм аа гэхэд ядаж нуур болгохыг л зорьж байна.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юу. Урлагт хайртай болоход юу нөлөөлсөн бэ?

-Урлаг соёлын таашаалтай болоход миний ээж нөлөөлсөн. Дөрөв, таван настай байхаас эхлэн ээж минь биднийг долоо хоногтоо чаддаггүй юм аа гэхэд сард нэг удаа дуурь, театрт дагуулж очдог байлаа. Мөн музей, зургийн үзэсгэлэн, галлерей үзнэ. Хаана ч орсон ширээний ард зөв суухыг заах зэргээр ээж минь бидний төлөвшилд соёл урлагаар дамжуулан нөлөөлсөн. Манай үеэл гэхэд монгол зургийг сайхан зурдаг гэхчилэн манай гэр бүлд авьяастай хүмүүс бий. Бид урлагийн гэхээсээ илүү урлагаас таашаал авдаг сонирхогч гэр бүл. Энэ хэрээрээ л урлагт хайртай болсон юм болов уу даа.

САНАЛ БОЛГОХ