Орон сууцны үнийн индекс 1.5 хувьтай гарав

Мэдээ

Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны үнэ өнгөрсөн сард өмнөх сараасаа өөрчлөлтгүй гарлаа. Монголбанк болон “Тэнхлэг зууч” компанийн танилцуулсан орон сууцны үнийн индекс наймдугаар сард 1.5 хувьтай гарсан байна. Оны эхнээс тооцвол орон сууцны индекс 3.8 хувиар өссөн байгаа бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.2 хувиар буурчээ. Орон сууцны насжилтаар нь ангилаад харвал шинэ орон сууцны үнийн индекс наймдугаар сард 14.1 хувьтай гарсан байгаа нь сарын дүнгээр 0.7, оны эхнээс тооцвол 4.2, жилээр тооцвол 7.1 хувиар буурсан байна. Нэг ам метрийн дундаж үнэ өнгөрсөн сард хоёр сая 30 мянган төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар буурчээ. Орон сууцны нэгж талбайн үнэ хамгийн өндөр байгаа нь Сүхбаатар дүүрэг байсан бол хамгийн хямд нь Сонгинохайрхан дүүрэг байсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс энэ хугацаанд -7.1 хувь байжээ. Энэ нь сарын дүнгээр 0.07, оны эхнээс 5.7, жилийн дүнгээр 11.9 хувь буурсан үзүүлэлт юм. Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн сард 77 сая 16 мянган төгрөг байсан гэж “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ. Энэ нь өмнөх сараас 0.6 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 14.8 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Хуучин орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр байсан бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд үнэтэй байлаа.



САНАЛ БОЛГОХ