Спортын оддын сайхан сэтгэлийн түүх
Сантагийн бэлэг нь хайртай багтайгаа нэг өдрийн гэрээ байгуулах эрх байв
Спортын одод авьяас, ур чадвар, гаргасан амжилтаасаа гадна хүнлэг сайхан сэтгэлтэй байж бусдын хүндлэл хүлээдэг. Олсон цалин орлогоосоо хандив, буяны үйлд зарцуулах нь тэдний хувьд энгийн үзэгдэл. Өнөө цагийн шилдэг сагсчин Леброн Жеймс төрөлх хотынхоо ядуу хүүхдүүдийг боловсрол эзэмшүүлэх төсөл санаачилсан нь үр дүнтэй хэрэгжиж буй. Төслийн нийт өртөг 40 сая ам.доллар. Мөн хөлбөмбөгч Дэвид Бекхэм буяны арга хэмжээнд идэвхтэй оролцдогоороо алдартай. Энэ мэтээр спортын оддын сайхан сэтгэлийн түүх урт үргэлжилнэ. Эдгээр түүхээс олны сэтгэлд хоногшин үлдсэн заримыг нь сонирхуулъя.
Овечкин ба Энн
NHL-ийн“Вашингтон Кэпиталс”-ын ахлагч Александр Овечкин Дауны синдромын өвчтэй Энн охинд туслахын тулд нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж байв. Энн Америкийн нийслэлд зочилж, “Вашингтон”-ы бэлтгэлийг үзэж сонирхон, Овечкиний дуулгыг өмсөн талбайд гарч байсан юм. Дараа нь орос эр өөрийн өмсгөл дээр гарын үсгээ зуран бэлэглэсэн бөгөөд орой нь ресторанд хамт хоолложээ. Мөн тэрбээр Е.Малкин, И.Ковальчук, А.Морозов нарын хамт охинд туслах хандивын тоглолтод оролцож байлаа.
“Вильярреал” ба Гохан
Хорт хавдартай Гохан хүү “Вильярреал” клубийнхэнтэй хамт гайхалтай нэгэн өдрийг өнгөрүүлснээ хэзээ ч мартахгүй биз ээ. Багийн удирдлагууд 13 настай хүүд туслахын тулд нэг өдрийг клубийн нэг гишүүн мэт өнгөрүүлэхийг зөвшөөрчээ. Хүү багийн цэнгэлдэхэд ирж, хувцас солих өрөөнд ороход түүнд зориулсан “12” дугаар бүхий өмсгөл бэлтгэсэн байв. Ингээд Гохан хувцсаа өмсч, багийнхантай хамтран бие халаалт хийж, улмаар “Селтик”- тэй хийсэн нөхөрсөг тоглолтод эхний минутаас тоглосон юм. Тэр ч байтугай эсрэг багийн хаалгачийг хууран нэгэн уран гоол оруулжээ. Энэхүү нөхөрсөг тоглолтоос олсон орлогыг хүүгийн эмчилгээнд зарцуулсан юм.
“Сан Хосе” ба Сэм
NHL-ийн “Сан Хосе Шаркс” багийн 18 настай хөгжөөн дэмжигч хүүд Санта Клаус нэгэн гайхалтай бэлэг илгээжээ. Энэ нь хайртай багтайгаа нэг өдрийн гэрээ байгуулах эрх байв. Сэм Тэгесон багадаа хоккейч болохыг мөрөөддөг байжээ. Гэвч зүрхний хүнд өвчин нь түүний мөрөөдлөө биелүүлэх боломж олгоогүй юм. Гэхдээ тэрбээр хайртай багийнхаа дэмжлэгийн ачаар нэг хоног ч гэсэн мөрөөдлөө биелүүлэх боломжтой болжээ. Сэм “Флорида”-гийн эсрэг тоглолтод талбайд гарахдаа нүдний нулимсаа барьж дийлэхгүй байв. Түүнийг даган олон хүн нулимс унагасан бичлэг интернэтэд багагүй алдаршсан.
Үүнтэй төстэй явдал 2009 онд тохиосон. Тухайн үед “Пит тсбург Пингвинс” баг найман настай Жейк Андерсонтой нэг хоногийн нэг долларын гэрээ байгуулж байв. Мөн багийн ахлагч Сидни Кросби түүний гэр бүлд Андерсоны “10” дугаар бүхий өмсгөлийг дурсгасан билээ.
“Аякс” ба Жей Жей
Голландын хөлбөмбөгийн “Аякс” клуб найман настай хөгжөөн дэмжигч жаалд нэгэн бэлэг бэлдсэн юм. Тэрбээр багийнхантай хамт хэвлэлийн бага хуралд оролцож, “Аякс”- “Бреда”-гийн тоглолтын эхний бөмбөгийг өшиглөж байв. “Аякс”-чууд ч түүний итгэлийг алдсангүй, энэ тоглолтод учраагаа 4:0-ээр хожжээ.
“Арсенал” ба вьетнам жаал
“Арсенал” клуб Вьетнамд айлчлан тоглолт хийх үеэр нэгэн жаал шүтдэг хөлбөмбөгчдөөсөө гарын үсгийг нь авах гэж очжээ. Гэвч энэ үед тамирчдын суусан автобус хөдлөөд явчихав. Өнөөх жаал зорилгоосоо ухрахыг хүссэнгүй, автобусыг даган зургаан км замыг туулан гүйжээ. Үнэнч хөгжөөн дэмжигчийнхээ энэ үйлдлийг “Арсенал”-ын залуус урамшуулж, хамтдаа бэлтгэл хийн, зургаа авахуулсан юм.
73-тай өвгөний сүүлийн хүсэл
Энэ явдал сар хүрэхгүй хугацааны өмнө болсон юм. Падди Лоулер хэмээх 73 настай өвгөн хүнд өвчин тусаж, өнөө маргаашаа хүлээж байж. Энэ үед ач охин нь түүнээс сүүлийн хүслийг нь асуухад тэрбээр “Манчетер Юнайтед” багийнхнаас хэн нэгтэй уулзах хүсэлтэйгээ хэлсэн юм. Охин фэйсбүүктээ энэ талаар бичсэн нь цааш явсаар багийн удирдлагуудын сонорт хүрчээ. Улмаар “Юнайтед”-ын дөрвөн тоглогч өвгөн дээр зочилж, цаг гаруй ярилцан сүүлийн хүслийг нь биелүүлсэн түүх олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн юм. Шүтээн болсон тамирчид нь явснаас хойш ердөө 45 минутын дараа өвгөн ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Падди Лоулер хайртай багийн тоглогчидтойгоо уулзаж чадсан болохоор бурхны орон руу амар тайван одсон биз ээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй