Шинэ орон сууцны үнэ өссөн ч хуучин орон сууцны үнэ буурчээ

Мэдээ

2016 оны есдүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурсан байна. Орон сууцны үнийн индексийг харвал шинэ орон сууцны үнэ өссөн ч хуучин орон сууцны үнэ бага зэрэг буурчээ. Шинэ орон сууц буюу байрны гэрчилгээ нь гараагүй орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ есдүгээр сарын байдлаар хоёр сая 36 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар өссөн боловч жилийн дүнгээр хагас хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хямд байгаа талаар Орон сууцны үнийн индексийн судалгааг хийдэг “Тэнхлэг Зууч” компани мэдээлж байна. Судалгаанаас харахад хуучин хоёр өрөө орон сууцны дундаж үнэ 76.4 сая төгрөг болж, өмнөх сараас 0.8 хувиар буурчээ. Жилийн дүнгээр 13.9 хувиар хямдраад байгаа гэсэн үг юм. “Тэнхлэг Зууч” компанийн онцолж байгаагаар иргэд хоёр өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авахаас харьцангуй их байгаа аж. Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууц хамгийн үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт мөн л хамгийн хямд байна.




САНАЛ БОЛГОХ