Родриго Дутерте: АНУ-аас цэргийн болон эдийн засгийн бүх холбоогоо тасална

Мэдээ

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-аас цэргийн болон эдийн засгийн бүх холбоогоо тасална гэдгээ мэдэгджээ. Тэрбээр БНХАУ-д хийж байгаа айлчлалынхаа хүрээнд тус улстай холбоо харилцаагаа илүү бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Родриго Дутерте “Би АНУ-аас холбоогоо тасалж байгаагаа мэдэгдэж байна. Цэргийн болон эдийн засгийн бүх холбоогоо таслах болно. Гэхдээ манай улсад эдийн засгийн бэрхшээл дахин тулгарлаа. АНУ-аас холбоогоо тасалснаар БНХАУ-тай урт хугацаанд хамтран ажиллах болно. Та бүхэн бидэнд тусалж байгаа шиг бид ч та бүхэнд тусалж, дэмжих болно” хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр тал дэд бүтэц, эрчим хүч болон харилцаа холбооны салбарт 13 гэрээ, хэлэлцээр байгуулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Филиппиний Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдэл хийж, Родриго Дутерте “АНУ-аас холбоо харилцаагаа тасална” гэсэн мэдэгдэлд тайлбар хийхийг хүссэн байна. Үүнээс гадна АНУ Филиппин улстай холбоо харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жон Кирби “Бид соёл, нийгэм, улс төр болон эдийн засаг гээд олон салбарт хамтын ажиллагаатай байдаг. Үүнээс гадна АНУ-ын зүгээс Филиппинд олон тэрбум ам.долларын тусламж үзүүлж байсан. Филиппин улс ямар нэгэн бэрхшээлтэй тулгарахад хамгийн түрүүнд АНУ л тусалсаар ирсэн. Тиймээс цаашид энэ ойр дотно холбоогоо үргэлжлүүлж, гүнзгийрүүлэхийг хүсэж байна” гэж онцолсон байна.



САНАЛ БОЛГОХ