Төмөр хамгаалалтаас татгалзах эрин

Авто зах зээл

Стандарт байхгүй гээд хэн дуртай нь хэрэглээд байж болохгүй

Урдаа төмөр хамгаалалт суурилуулсан том том жийпнүүд сүртэй харагдана. Мөргөлдөхөд машин нь эвдрэхгүй, жолооч гэмтэл авахгүй амар л даа. Ийм тоноглолыг олон улсад bullbar гэж нэрлэдэг юм билээ. Харин манайд бол ихэвчлэн гупер гэж ярина.

Төмөр гуперийг анх Австралид хэрэглэж эхэлжээ. Зам дээр давхиж явахад имж урдуур нь үсрэн гарч ирээд машин гэмтээх болсон тул жолооч нар тусгай тоноглол суурилуулсан юм. Энэ үед төмөр гуперийг машины хамгаалалтын зайлшгүй хэрэгсэл гэж үздэг байв. Яваандаа бусад оронд дэлгэрч, бүр гоёл чимэглэл болж хувирчээ.

Гэвч удалгүй төмөр тоноглолын сөрөг тал ажиглагдах боллоо. Энэ нь бусад машин болоод явган зорчигчид маш их хохирол учруулж байв. Ялангуяа, явган зорчигч төмөр гупертэй машинд мөргүүлэхэд нэг бол хүнд гэмтэл авна, эсвэл амь насаа алдана. Тиймээс томоохон үйлдвэрлэгчид машины гуперийг хуванцраар хийх болжээ. Хуванцар нь мөргөлтийн хүчийг өөр дээрээ шингээдэг тул бусдад учруулах хохирол нь хавьгүй багассан юм.

Төмөр гупертэй машинд мөргүүлэхэд нэг бол хүнд гэмтэл авна, эсвэл амь насаа алдана

Өдгөө тусгай зориулалтын төмөр гупертэй машины асуудлыг улс орон болгон янз бүрээр зохицуулж байна. Зөвхөн 2000 онд Европын хэмжээнд төмөр гупертэй машинд мөргүүлснээс болж 2000 хүн нас барж, 18 мянган хүн гэмтсэн судалгаа гарчээ. Энэ үеэс хойш Европын холбоо шинээр үйлдвэрлэж буй автомашинд (тусгай зориулалтынх л биш бол) төмөр гупер суурилуулахыг хориглсон. Харин Австралид 2002 онд bullbar-тай холбоотой тусгай стандарт гарсан юм. Энд зааснаар зайлшгүй шаардлагатай биш бол хүмүүст аюул учруулж болох төмөр гупер суурилуулахыг хоригложээ. Харин Орост гар хийцийн тоноглол тавибал торгууль хүлээлгэдэг байна. Үйлдвэрийн бус аргаар хийсэн учир аюултай гэж үздэг аж.

Манай орны тухайд төмөр гупертэй машин замаар сүлжилдэх нь энгийн үзэгдэл. Хэн дуртай нь өөрийн машиндаа ийм тоноглол суурилуулж болно. Харин энэ асуудлыг зохицуулсан дүрэм журам огт байдаггүй талаар албаны хүн хэллээ. Бид Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболдтой уулзаж, төмөр гуперийн талаар зарим зүйлийг тодруулсан юм.

-Дэлхийн олон оронд төмөр гупер автомашинд суурилуулахаас татгалзах болжээ. Харин Монголд энэ төрлийн хэрэглээг зохицуулсан дүрэм, журам байдаг уу?

-Автомашины гуперийг ихэвчлэн хуванцар материалаар хийдэг. Энэ нь тухайн машин ямар нэг байдлаар мөргөлдөхөд цохилтын хүчийг өөр дээрээ шингээх, бусдад хор хохирол бага учруулах зориулалттай. Харин төмөр гуперийг олон улсад bullbar гэж нэрлэдэг. Энэ нь тусгай зориулалттай автомашинд хэрэглэх ёстой зүйл. Бартаат замын болон цэрэг, цагдаа, хүчний байгууллагын машинд голдуу хэрэглэдэг. Өөр дээрээ болон тухайн тээврийн хэрэгсэлдээ аюул учруулахгүйгээр цохилтын хүчээс хамгаалдаг тоноглол. Ийм тоноглол хийсэн машиныг ихэнх улсад төв суурин газар явахыг хориглосон байдаг. Харин Монголд төмөр гупер хэрэглэх ёстой юу, үгүй юү гэсэн тодорхой стандарт, дүрэм журам байхгүй. Гэхдээ стандарт байхгүй гээд хэн дуртай нь хэрэглээд байж болохгүй л дээ. Учир нь маш их эрсдэлтэй. Дэлхий нийтэд хүний амь нас хохирсон ослын 12 хувь нь төмөр гупертэй автомашинаас болсон гэсэн судалгаа бий.

Мөн төмөр гупертэй автомашин цагт 25 км-ийн хурдтай явж байгаад хүн мөргөвөл 40 км/ цагийн хурдаар мөргөсөнтэй адил хохирол учруулдаг байна. Хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст энэ мэт аюул заналхийлэл учруулж байгаа тул хэрэглэх шаардлагагүй.

Үйлдвэрээсээ зориулалтын төмөр гупертэй машин орж ирдэг. Зарим төрлийн жийп болон УАЗ-ийн машинууд ийм байдаг. Ийм машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн журам байхгүй. Гэхдээ зохицуулалт байхгүй юм чинь яасан ч яахав гэсэн байдлаар хандмааргүй байна. Хөдөлгөөний аюулгүй байдал, бусад тээврийн хэрэгсэл, явган зорчигчоо бодох ёстой. Ядаж л замын хөдөлгөөнд оролцохдоо маш болгоомжтой байхгүй бол том аюул учруулж мэднэ.

Сүүлийн үед автобусанд төмөр гупер хийдэг болж. Энэ бол маш аюултай. Мэдээж тухайн автобусны жолооч явган зорчигчийг мөргөнө гэж хөдөлгөөнд орохгүй л дээ. Гэхдээ автын осол дандаа санамсар болгоомжгүйгээс болдгийг санахад илүүдэхгүй. Бусад оронд төмөр гуперийг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг. Гэхдээ манайх шиг суудлын автомашин болон автобусанд хэзээ ч суурилуулдаггүй.

Албаны хүний хариулт ийм байна. Тиймээс мундаг тоноглолтой машин уналаа гэж онгирох биш, бусдын эрх ашгийг хүндэлж, төмөр хамгаалалтаас аль болох татгалзах нь зүйтэй юм байна.

САНАЛ БОЛГОХ