![](/uploads/341a64c3-827b-4d62-bc0d-1c17bdb0314f.jpg)
Prius-ээс хэмнэлттэй Nissan Note
Японы Nissan компани Note загвартаа шинэчилсэн е-Power хэмээх өвөрмөц технологи бүхий гибрид хүч дамжуулах анги ашиглав. Уг загвар нь дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаанаар ажилладаг хүч дамжуулах ангийн шилдэг хослол болж чадлаа хэмээн үйлдвэрлэгч нь тайлбарлаж байна.
Энэхүү е-Power гибрид хүч дамжуулах ангийг цахилгаанд залгаж цэнэглэх шаардлагагүй нь гол давуу тал болж байна. Одоогоор ийм технологи ашигладаг гибрид хүч дамжуулах ангитай BMW i3 зэрэг бүх автомашиныг гадаад сүлжээнд залгаж цэнэглэдэг. Залгаж цэнэглэх шаардлагагүйн ачаар жолооч машины цэнэг хэр үлдсэн эсэхийг байнга шалгаж, цахилгаанаар цэнэглэх станц хайх шаардлагагүй болж байгаа юм.
Шинэ Note загвар нь дотоод шаталтын хөдөлгүүр зүтгэх хүч үүсгэх нэг эх сурвалж болдог гибрид машинаас онцлог ялгаатай. Урд дугуйг зөвхөн цахилгаан мотор эргүүлнэ. Цахилгаан мотор нь урд суудал дор байрлуулсан литий-йоны аккумулятороос тэжээл авч ажиллана. Дугуй болон хүч дамжуулах ангитайгаа холбогддоггүй, дотоод шаталтын хөдөлгүүр нь зөвхөн аккумулятороо цэнэглэх үүрэгтэй.
Шинэ Note-ийн шатахуун хэмнэлтийн үзүүлэлт одоогоор тодорхой бус. Гэхдээ “Энэхүү е-Power технологитой машины дотоод шаталтын хөдөлгүүр тэр бүр ажиллаад байхгүй. Шатахуун хэмнэлт нь ялангуяа хотын нөхцөлд уламжлалт гибрид машинуудаас ч илүү” хэмээн Nissan компани тайлбарлав. Уг загварыг эхлээд Японы дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Цаашид шинэчилсэн e-Power технологийг Nissan-ий бусад загварт ч ашиглах юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй