“Siemens” компани “Mentor Graphics”-ийг худалдан авч байгаагаа баталгаажуулав

Мөнгө ба бизнес

Германы “Siemens” компани “Mentor Graphics”-ийг худалдан авч байгаагаа баталгаажууллаа. Цахилгаан хэрэгслийн автоматжуулалтын “Mentor Graphics” компанийн нэгж хувьцааг 37.25 ам.доллароор үнэлснээр хэлцлийн нийт үнийн дүн 4.5 тэрбум ам.доллар болж байгаа аж. “Siemens”-ийн тавьсан худалдан авах энэхүү саналын үнийн дүн “Mentor Graphics”-ийн хувьцааны баасан гарагийн хаалтаас 21 хувиар илүү үнэлсэн тохиолдол болж байна. “Mentor Graphics”-ийн Захирлуудын зөвлөл саналыг хүлээн авч, хэлцлийг бүрэн хэрэгжүүлэхийг удирдлагуудад зөвлөжээ.


“Google” компани өнгөрсөн сард олон нийтэд мэдэгдэлгүйгээр “Undecidable Labs” компанийг худалдан авчээ. “Apple”-ийн захирлуудын нэгээр ажиллаж байсан нэгний үүсгэн байгуулсан энэхүү компани интернетээр хайсан зүйлээ шууд худалдан авах боломжийг өгдөг технологийг хөгжүүлсэн байна. “Alphabet”-ийн хамгийн том нэгж болох “Google” компани “Undecidable Labs”-ийг худалдан авснаар хэрэглэгчийн хайсан зургийг орлогын бас нэгэн урсгал болгох боломжтой болж байгаа юм. Хэлцлийн үнийн дүн одоогоор тодорхойгүй байгаа ч “Undecidable Labs” хөрөнгө оруулагчдаас нэг сая ам.долларын санхүүжилт татжээ. “Apple”-д инженерчлэлийн захирлаар ажиллаж байсан Кати Эдуард өөрийн үүсгэн байгуулсан энэхүү компаниа худалдсаны дараа “Google”-д Зургийн хайлтын инженерчлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан захирлаар ажиллаж байгаа юм байна.



АНУ-ын тамхи борлуулагч хоёр дахь том компани “Reynolds American”-ийг “British American Tobacco” буюу “BAT” компани 47 тэрбум ам.доллароор худалдан авах саналаас хүлээн авагч тал татгалзжээ. Дотоод эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Reynolds American” энэ саналыг "хэтэрхий бага" гэж дүгнэсэн байна. Харин “BAT” компани дээрх компанийн 42 хувийг аль хэдийн эзэмших болсон аж. Тиймээс үлдсэн хувийг худалдан авах 47 тэрбум ам.долларын саналыг анх аравдугаар сарын 21-нд гаргаж байсан юм. Энэ нь тус компанийг хувьцааны хамгийн сүүлийн хаалтаар илэрхийлсэн үнэлгээнээс 20 хувиар өндөр үнэлсэн санал байжээ.




САНАЛ БОЛГОХ