“Stada Arzneimittel”-ийг худалдан авахыг хүсэгчдийн тоо нэгээр нэмэгдэв

Мөнгө ба бизнес

Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Stada Arzneimittel” компани дахин нэг компаниас худалдан авах санал авч, сонирхсон талуудын тоо гурав боллоо. Пүрэв гарагт шинээр хүлээн авсан санал нь “ “Stada Arzneimittel” -ийн нэгж хувьцааг 58 евро буюу тус компанийг 3.85 тэрбум ам.доллараар үнэлж байгаа юм байна. Үүнээс өмнө Герман болон ОХУ-ын компаниуд Германы “Stada Arzneimittel”-д худалдан авах санал тавиад байгаа юм. Боломжит хэлцэлтэй холбоотой мэдээлэл гарч эхэлснээс хойших дөрвөн өдрийн дотор “Stada Arzneimittel”-ийн хувьцааны ханш Франкфуртад 13 хувиар өсөөд байна.

“Sage Therapeutics Inc” гуравдагч талаас худалдан авах санал авав


Био технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Sage Therapeutics Inc” гуравдагч талаас худалдан авах санал авсан тухай тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор “Sage Therapeutics Inc”-ийн хувьцааны ханш Нью-Йоркт есөн хувиар өсөж, хувьцаагаар илэрхийлсэн зах зээлийн үнэлгээ нь 2.3 тэрбум ам.доллар болсон байна. Тус компани сэтгэл гутралын эсрэг эм үйлдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Эхний шатны туршилт амжилттай болсон талаар энэ долоо хоногт мэдэгдэж байсан юм.

“Ventas” компани “Brookdale Senior Living”-ийг худалдан авахаар хэлэлцэж эхэлжээ



АНУ-ын “Ventas” компани тус улс дахь ахмадуудын асрамжийн газрын хамгийн том үйлчилгээ эрхлэгч “Brookdale Senior Living” компанийг бүтнээр нь эсвэл хэсэгчлэн худалдан авахаар хэлэлцэж эхэлжээ. “Blackstone” групп ч гэсэн “Brookdale Senior Living”-ийг худалдан авахаар судалж байсан ч хэлцлийг орхисон байна. Иймээс АНУ-ийн эрүүл мэндийн үйлчилгээний хамгийн том үйлчилгээ эрхлэгчдийн нэг болох “Ventas” компани “Brookdale Senior Living”-ийг сонирхож эхэлсэн гэж “Wall Street Journal”-д мэдээлжээ. “Brookdale Senior Living” компанийн хувьцааны ханшаар илэрхийлсэн зах зээлийн үнэлгээ пүрэв гарагийн хаалтын хангаар 2.99 тэрбум ам.доллар болоод байна.





САНАЛ БОЛГОХ