“PSA” групп “Opel”-ийг худалдан авах боломжийг судалж байна

Мөнгө ба бизнес

“Peugeot” болон “Citroen” брэндийн толгой компани “PSA” групп “General Motors”-ийн “Opel” нэгжийг худалдан авах боломжийг судалж эхэлжээ. “General Motors”-ийн “Opel”​-ийг хэдэн тэрбум ам.доллараар үнэлж байгаа бөгөөд тухайлбал, “Macquarie” агентлаг “Opel”-ийн зах зээлийн үнэлгээг 2.6 тэрбум евро буюу 2.8 тэрбум ам.доллараар тогтоогоод байгаа юм. Хэрэв “PSA” групп “General Motors”-ийн Европын нэгж болох “Opel"-ийг худалдан авбал Европын автомашины зах зээлийн 16 хувийг эзэлнэ. Энэ нь “Renault”-ийн өмнө, “Volkswagen”-ийн дараа хоёрдугаарт орох хэмжээ юм.

“SoftBank” групп “Fortress Investment”-ийг худалдан авахаар боллоо



Японы харилцаа холбооны салбарын “SoftBank” групп “Fortress Investment” группийг 3.3 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болжээ. Энэ нь Нью-Йоркт байрлалтай тус компанийг хувьцаагаар илэрхийлсэн зах зээлийн үнэлгээнээс нь 39 хувиар өндрөөр үнэлсэн тохиолдол болж байгаа юм. “Fortress Investment” группийг үүсгэн байгуулагчид компаниа орхихгүй, Нью-Йоркт “SoftBank”-ийн 100 тэрбум ам.долларын технологийн сангийн хажууд, бие даан үйл ажиллагаагаа явуулах юм байна. Саудын Арабын компаниудтай хамтран байгуулж буй энэхүү 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Vision” сан нь “SoftBank”-ийн Гүйцэтгэх захирал Масаёоши Сонийг технологийн салбарын хамгийн том хөрөнгө оруулагч болгох ажээ.


“Aetna", “Humana” компаниуд нэгдэн, нийлэх хэлцлээ цуцлав



АНУ-ын эрүүл мэндийн даатгалын “Aetna” болон “Humana” компаниуд нэгдэн, нийлэх 37 тэрбум ам.долларын хэлцлээ цуцаллаа. Холбооны шүүгч дээрх хоёр компани нэгдэх нь монополийн эсрэг хуулийг зөрчинө гэж үзсэн учраас хэлцлийг хийх зөвшөөрөл олгоогүй байна. Хоёр компани хэлэлцсэний үндсэн дээр хэлцлийг цуцалсны төлбөр болгон “Aetna” компани “Humana”-д нэг тэрбум ам.долларын буюу татварын дараа 630 сая ам.долларын төлбөр төлөхөөр болжээ.

Үүнээс гадна энэ салбарт бас нэгэн хэлцэл хийгдэх гэж байсан нь “Anthem” компани “Cigna”-ийг худалдан авах хэлцэл байсан аж. “Anthem” компани 48 тэрбум ам.долларын уг хэлцлийг амжилттай болгохын төлөө ажиллах болно гэж мэдэгдсэний дараахан “Cigna” “Anthem”-ийг шүүхэд өгчээ. Хэлцлийг цуцалсны төлбөр болгож “Cigna” компани “Anthem”-аас 1.85 тэрбум ам.доллар нэхэмжилсэн байна. Түүнчлэн зохицуулагч агентлагуудын зөвшөөрлийг авахтай холбогдон гаргасан зардлын нөхөн төлбөрт 13 тэрбум ам.доллар нэхэмжилжээ.



САНАЛ БОЛГОХ