XIV Далай лам: Би бурхны шашинтай орнуудаас Монгол, Японд л очиж чадаж байна

Мэдээ

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад энэ сарын 18-23-ны өдрүүдэд саатлаа. Тэрбээр лхагва гарагийн өглөө буюу буцахаасаа өмнө сэтгүүлчдийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтыг нээж Монголын Бурхан Шашны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц “Далай ламын Монголд хийж буй энэхүү айлчлал нь зөвхөн шашны зорилготой, сүсэгтэн олонтой уулзахын тулд Монголын Бурхан Шашны төв Гандантэгчинлэн хийдийн урилгаар ирсэн, улс төр болон бусад талын ямар нэгэн зорилго агуулаагүй” гэдгийг онцоллоо. Харин Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам “Би дэлхий дээр бурхны шашинтай улсаас Монгол, Япон хоёрт л очиж чадаж байна. Уг нь бурхны шашинтай хүн боловч өөрөө бурхны шашинтай орнуудад айлчилж чадахгүй байна гэж хошигнол болгон хэлж байгаа. БНХАУ-д л гэхэд Бурхны шашинтай 400 сая гаруй хүн байгаа. Эдгээр хүмүүс намайг байнга БНХАУ-д ирээч гэж хүсдэг. Бодит байдал дээр би 1974 оноос хойш тусгаар тогтнолын асуудлыг огт хөндөөгүй. Би тусгаар тогтносон улс болох гэж тэмцэхгүй байгааг дэлхий нийт мэддэг. Би анхнаасаа “Бид ялна, тэд ялагдана” гэсэн санаагаар биш хоёуланд нь тустай байх юмсан гэсэн бодлоор хандаж байсан” гэсэн юм.

Түүнчлэн энэхүү уулзалтын үеэр XIV Далай лам “IX Богд Жавзандамбын хойд дүр, X Богд Монголд мэндэлсэн” гэдгийг онцоллоо. Түүний хэлснээр “Одоогоор нас нь балчир байгаа учраас 3-5 нас хүртэл нь хүлээж байж, сүсэгтэн олонд зарлах” юм байна. Далай лам тэр бүр үзэл бодлоо олон нийтэд илэрхийлэх боломж олдоод байдаггүй ч энэ удаад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонирхолтой байр суурь илэрхийллээ. Далай лам “Ардчилсан системээр иргэд нь удирдагчаа сонгосон учраас санаа зовох зүйлгүй, өөрөө ч ирэх онд Цагаан ордонд зочилж, Дональд Трамптай уулзахаар зэхэж байгаа” гээд “АНУ-ыг би үргэлж чөлөөт ертөнцийн тэргүүлэгч улс гэж хардаг. Тиймээс ямар ч хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн бай ард түмэн нь өөрийн удирдагчийг сонгосон. Сонгуулийн кампанит ажлын үеэр нэр дэвшигчид хүссэн бүхнээ хэлэх эрх чөлөөтэй юм шиг надад санагддаг. Гэхдээ сонгогдсоны дараа бодит байдалд уялдуулан хариуцлага хүлээж, өөрийн төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй. Тиймээс би юунд ч санаа зовохгүй байна. Ирэх онд АНУ руу явах боломж гарна гэж бодож байгаа. Тиймээс шинэ Ерөнхийлөгчтэй уулзана гэж найдаж байна” хэмээн онцоллоо.

Далай ламын айлчлалаас өмнө түүнийг хүлээн авахгүй байхыг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Монгол Улсад хандан хүсэж байсан юм. Тэрхүү мэдэгдэлд "Монгол Улс-БНХАУ-ын харилцааны хөгжилд саад болохгүйн тулд Далай ламын хийж буй айлчлалын "сөрөг нөлөөг" арилгахад шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүлнэ үү" гэж тусгасан байжээ. Энэ талаар Далай лам "Байнга ийм зүйл болдог. Би хаана ч очсон БНХАУ-ын талаас эсэргүүцсэн бичиг хүргүүлдэг" гэсэн юм.




САНАЛ БОЛГОХ