Ази гаралтай эрчүүд цагт олох орлогоороо АНУ-д тэргүүлэв

Мэдээ

АНУ-д Ази гаралтай эрэгтэйчүүд цагт олох орлогоороо тэргүүлжээ. “Pew” судалгааны агентлагаас гаргасан мэдээлэлд бүтэн болон хагас цагаар ажиллаж байгаа 16-аас дээш насны Ази эрэгтэйчүүд өнгөрсөн онд цагт 24 ам.долларын орлоготой ажилласан байна. Харин Европ гаралтай эрэгтэйчүүд нэг цагт 21 ам.долларын орлого олжээ. Үүнээс гадна эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс бага цалинждаг хандлага хэвээр хадгалагдсан байна. Ази гаралтай эмэгтэйчүүд цагт дунджаар 18 ам.долларын орлоготой байгаа бол Европ гаралтай эмэгтэйчүүд 17 ам.доллар олдог болохыг “Pew” судалгааны агентлагаас танилцууллаа. Хэдий тийм боловч Ази гаралтай эмэгтэйчүүд Африк эсвэл Латин Америк гаралтай эрэгтэйчүүдээс харгалзан гурав болон дөрвөн ам.доллараар илүү цагийн орлоготой байгаа юм. Орлогын зөрүүнд боловсролын түвшин нөлөөлж байсан гэдгийг “Pew”-ийн тайланд онцолжээ. 25 болон түүнээс дээш настай Ази эрэгтэйчүүдийн 53 хувь нь бакалаврын зэрэгтэй байгаа бол Европ гаралтай 36, Африк гаралтай 23, Латин Америк гаралтай эрчүүдийн 15 хувь нь дээд боловсролтой байсан аж. 25-аас дээш насны дээд боловсролтой хүмүүс дунд Ази эрэгтэйчүүд цагт 35 ам.доллар, эмэгтэйчүүд 27 ам.долларын орлоготой байжээ. Энэ нь боловсролын түвшин харгалзалгүй гаргасан дунджаас бараг 50 хувиар өндөр үзүүлэлт болсон байна.


САНАЛ БОЛГОХ