Монгол эрдэмтэд инкубатор бүтээжээ
Технологийн цаг
Хүлэмжийн чийг, усалгаа, гэрэл зэргийг гэрээсээ ч тохируулж болно
Монгол эрдэмтэд, зохион бүтээгчдийн ур ухаан, хүч хөдөлмөрөөр бий болсон инкубаторыг танилцууллаа. Эрдэмтэн, судлаачид туурвисан шилдэг бүтээл, шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнээ "Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016" үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан юм. Тус үзэсгэлэнгийн хамгийн шинэлэг, бүтээлч дөрвөн технологийг онцлов.
НЯРАЙН ИНКУБАТОР
Физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Б.Зандан, О.Бөхцоож, Б.Наранбат, С.Угтахбаяр, Н.Наранцэцэг нар нярай хүүхдийн инкубатор бүтээжээ. Тэд эмнэлгээс хэрэггүй болсон инкубаторын эх биеийг авч, хамгийн гол хүчин зүйл болох электрон эд анги, системийг нь өөрсдөө бүтээсэн байна. Бахармаар зүйл нь гадаадад үйлдвэрлэсэн нэг инкубаторыг 13 сая орчим төгрөгөөр авдаг. Харин монгол эрдэмтдийн ур ухаанаар бүтсэн инкубаторын нийт өртөг ердөө нэг сая төгрөг. Бүр аль ч талаараа дутахгүйг онцлох нь зүйтэй. Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан “Манай эрдэмтэд судалгаандаа хугацаа зарцуулж, сүүлийн хоёр сар инкубатораа угсарсан. Хэрэглээнд хараахан нэвтрээгүй байгаа ч эмнэлгүүдтэй хамтран ажиллахад бэлэн” гэв. Энэ нь монголчуудын хийсэн анхны инкубатор бөгөөд тэд зохиогчийн эрхээ хараахан авч амжаагүй байна. Түүнчлэн даралтын аппарат, цахилгаан тоолуур зэрэг эмнэлэгт түгээмэл хэрэглэгддэг олон бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлэхээр зэхэж буй аж.
ХҮЛЭМЖИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМ
Хүлэмжийн удирдлагын систем бол “төхөөрөмжид суурилсан” төхөөрөмж. Нэг төхөөрөмжөөр дамжуулан нөгөө төхөөрөмжийг удирддаг учир ийн онцолжээ. Тус төхөөрөмжийг ашиглаж хүлэмж доторх хөрсний чийг, агаарын даралт, гэрэлтүүлэг зэрэг маш олон мэдээллийг авах боломжтой. Мэдээллийг LCD болон веб хэлбэрээр авна. Энэ нь ажил, гэр гээд хаанаас ч мэдээллээ авч, төхөөрөмжүүдээ удирдаж болох давуу талтай гэсэн үг. ШУТИС-ийн IV дамжааны оюутан Л.Гаваацадмид Азийн хөгжлийн банк болон БСШУСЯ- наас зохион байгуулсан “Оюутны хөгжлийг дэмжье” сангаас гурван сая төгрөгийн санхүүжилт авч төслөө бичжээ. Өнөөдөр үр дүн нь гарчихсан байна. Хүлэмж дэх өндөр хүчдэл бүхий төхөөрөмжийг хэрхэн удирдах талаар урт хугацааны судалгаа хийсэн. Төхөөрөмж таван вольтоор ажилладаг ба релей моодыг ашиглаж хувьсах гүйдлээр 220 вольт хүртэл өсгөж ажиллуулна. Тиймээс өндөр хүчдэлгүй хөдөө, орон нутагт таван вольтоор ажиллах бүрэн боломжтой. Түүнчлэн ургамлын ургах үйл явцыг хоёр дахин нэмэгдүүлж, хөдөлмөр хөнгөвчилнө.
Монгол эрдэмтдийн бүтээсэн инкубатор 13 дахин хямд өртгөөр бүтсэн ч ажиллах горимд чанарын ялгаа үгүй.
Нэг төхөөрөмжийг хувь хүнд 500-600 мянга, албан байгууллагад 800-900 мянган төгрөгөөр борлуулна гэж зохион бүтээгчид хэллээ. Төхөөрөмжийг гэрэл, чийгшил зэрэг таван мэдрэгч, удирдлага, веб программ дагалдана. Цаашлаад хэрэглэгч хүсвэл 25 хүртэлх мэдрэгч нэмж суурилуулах боломжтой аж. Дашрамд, Монголд одоогоор байгаа төхөөрөмжүүд олон дутагдалтай, гаднынх болохоор нэг нь гэхэд л хоёр, гурван сая төгрөгийн үнэтэй байдаг байна.
MINIBOX
Утасгүй сүлжээ дамжуулагч "Minibox"-ийг ШУТИС-ийн IV дамжааны оюутнууд хамтран бүтээжээ. Тэд загвараа өөрсдөө зохиож, урд хөршид захиалгаар хийлгэсэн байна. Сонирхуулахад, Монголд флат хийдэггүй учир энд зөвхөн зургийг нь гаргаад захиалахаас өөр аргагүй байдаг аж. Рүүтэрийн тохиргоог монгол хэлээр хийсэн тул ойлгомжтой. Энгийн рүүтер цаанаасаа бүх тохиргоог нь хийсэн байдаг. Харин "Minibox"-ийн интерфейс зэргийг хүссэнээрээ хөгжүүлэх боломжтой. Мөн утасгүй интернэтийг 50 метр доторх хүссэн зайдаа цацах тохиргоотой тул давуу талтай.
МИКРО КОМПЬЮТЕРИЙН СУРГАЛТЫН ХЭРЭГСЭЛ
ШУТИС-ийн баг, хамт олон ерөнхий боловсролын ахлах ангийн физик, технологи, механик электроникийн хичээлд зориулсан багц бүтээжээ. Үүнд, робот, удирдлагын хавтан, гар дэлгэц болон 1000 гаруй жишээ, бодлоготой сургалтын ном багтсан байна. Хүүхдийн тоглоомоор жишвэл, лего тоглоом шиг өөрсдөө угсарч, үйлдлийн системийг нь программчлах юм. Тус роботыг удирдахад ямар нэгэн программчлал, компьютер шаардлагагүй аж. Энэхүү роботыг одоо ерөнхий боловсролын 20 гаруй сургуульд ашиглах ба улсын хэмжээний Автомат роботын тэмцээнд өрсөлдөхөөр бэлдэж байна.
Микро компьютерийн сургалтын хэрэгслийн судалгааны ажлыг жилийн өмнөөс эхэлж, өнгөрсөн есдүгээр сард эцсийн байдлаар дуусгажээ. Зохион бүтээгчдийн зүгээс БСШУСЯ болон ерөнхий боловсролын сургуулиудад бүтээгдэхүүнээ танилцуулах шатандаа байгаа гэв. ШУТИС-ийн Мэдээлэл, технологийн сургуулийн сургалтын мастер Б.Энхбат “Дээр үед хөдөлмөрийн хичээл гэж ордог байлаа. Одоо Технологийн хичээл болсон. Ихэвчлэн модоор ширээ, сандал бүтээдэг байсан, одоо ч хэвээр байгаа. БСШУСЯ-наас энэ хичээлийг илүү шинэчилж, электрон зүйлс бүтээх санаачилга гаргасан юм. Бид үүнд зориулж робот хийсэн” гэв.
Бүтээгдэхүүний үнэ одоогоор 200 мянган төгрөг. Гадаадад үйлдвэрлэсэн ийм төрлийн бүтээгдэхүүнээс зөвхөн робот байдаг ч сургалтын хэрэглэгдэхүүн биш ажээ. Түүнчлэн харьцангуй өндөр үнэтэй.
Монголд орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага үүссэний 95, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 55 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрөөр нүд баясгасан шинэ бүтээлээр арвин болж өндөрлөлөө.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй