Үзэсгэлэнгээр хязгаарлагдсан монгол санаа

Технологийн цаг

Шинийг санаачлагчид үзэсгэлэнд оролцоод л орхидог

Гарааны компани, мэдээлэл технологи сонирхогчдод бүтээгдэхүүнээ хөгжүүлэх боломж төдийлөн байдаггүй. Үүнтэй холбоотой, үзэсгэлэнд оролцоод орхих, санаагаа алдах зэрэг асуудал тулгардаг. Харин Шинжлэх ухаан, технологийн паркийн “Инкубатор” нь мэдээллийн технологийн салбарт шинэ дэвшилт санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх зорилготой юм. Тодруулбал, мэдээллийн технологийн компаниудад ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг үзүүлж, санхvvгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжиход тусалдаг. Ингэснээр дотоодын болон гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулдаг байна. Одоогийн байдлаар Шинжлэх ухаан, технологийн паркийн “Инкубатор”-т 10 гаруй гарааны компани байдаг бөгөөд бүгд тус тусын онцлогтой. Тэдний зарим онцлох бүтээгдэхүүнээс танилцуулъя.

“ЭЭЖ” АППЛИКЕЙШН
Жилд 150 гаруй мянган эмэгтэй жирэмсэлдэг агаад 80 гаруй мянган нь амарждаг гэсэн судалгаа бий. Сүүлийн жилүүдэд жирэмслэлт болон төрөлт ихэссэнтэй холбоотой дүүргийн жирэмсний хяналтын нэг эмчид 1500 орчим эмэгтэй ногдох болжээ. Өрхийн нэг эмнэлгийн жирэмсний хяналтад байх 300 эмэгтэйн 200 нь эмчийн байнгын хяналтад зайлшгүй байх шаардлагатай. Харамсалтай нь, үүнээс 20 нь эмчийн хяналтад байгаа атал “өсөлтгүй жирэмслэлт” гэсэн онош тавиулдаг.

Жирэмсний хяналтын эмч нэг өвчтөнд 20 минут үзлэг хийх хуваарьтай боловч жирэмсэн эхийн тоо их тул 2-3 минут зарцуулдаг. Үүнээс үүдэн жирэмслэлтийн талаарх мэдээлэл солилцоо багасаж, эрүүл төрөлтийн тоо буурахад нөлөөлсөн хэмээн салбарынхан үзэж байна.

Жирэмсний үед элбэг тохиолддог 1800 төрлийн асуудлыг “Ээж” апп шийдэж өгчээ. Тухайлбал, жирэмсэн ээжүүд ганцаардаж, бусад ээжтэй харилцаа холбоо тогтоож, мэдээлэл, туршлага солилцохыг хүсдэг. Тиймээс ээжүүдийн хүрээлэн, сошиал клуб нээсэн байна. Жирэмсэн үеийн дурсамжуудаа хадгалах цахим булантай. Хоногийн 24 цагийн турш ээжүүдийн асуултад хариулахад бэлэн эрүүл мэндийн зөвлөхтэй. Энэ үед хэрэглэх эм бэлдмэл, тохиромжтой дасгал хөдөлгөөн, идэж болох эрүүл хүнсний тухай мэргэжлийн зөвлөмжүүдийг ч багтаажээ. Харин “Ээж” аппликейшний зета хувилбар нь нярай хүүхдийн асаргаа сувилгаа болон ээжүүдэд төрсний дараах эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой аж.

“MIRROR Х”
“SeSAME Tech” компанийн гаргаж буй гэрийн автоматжуулсан ухаалаг систем нь эрчим хүчний ухаалаг, зохистой хэрэглээг интернэтэд суурилсан ухаалаг толиор зохицуулах веб, апп платформ хөгжүүлж байна. Хотжилт, хүн амын төвлөрөл болон эрчим хүч, цэвэр усны зохисгүй хэрэглээнээс болж бид дутагдалд орох эрсдэлтэйг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байна. Эрчим хүч, усны шинэ эх үүсвэр нээн илрүүлэхэд өндөр зардалтай тул одоогийн нөхцөл байдалд тохиромжгүй. Тиймээс одоогийн нөөц баялгийг зөв зохистой, ухаалаг, хэмнэлттэйгээр хэрэглэх нь хамгийн зөв, энгийн шийдэл болоод буй.

“CLOUD Х”
“SeSAME Tech” компанийн бүтээл болох “Cloud X” хэмээх сонирхолтой төхөөрөмж нь таны тасалгааны цэцэгний дээр байрлах бичил үүл юм. Ургамлын дээр байх сэмжин үүл аянга ниргэж, гэрэл анивчин, дуугарч байгаад бороо мэт усална. Сонирхолтой байгаа биз.

Ургамал агаар дахь хорт хий, утаа, тоос зэргийг шүүж орчныг цэвэрлэх, дуу чимээг саатуулан хамгаалах өвөрмөц үүрэгтэй. Тасалгааны цэцэг өсөлт ба тайван үе гэсэн хоёр үетэй ургадаг бөгөөд улирлаас шалтгаалан өөр, өөр арчилгаа шаарддаг. Тасалгааны ургамлыг тайван үед нь усалж, арчлах хэрэгтэй.

Хэрэглэгч “Cloud X” төхөөрөмжийн тусгай аппликейшнийг утсандаа суулган, мэдээллийн сангаас өөрийн цэцгээ сонгоно. Улмаар тухайн цэцэгт тохирсон усалгаа, арчилгааны дагуу бүрэн автоматжуулсан эл төхөөрөмж ажиллах юм байна. “Cloud X” үйлдвэрийн загварыг гаргах түвшинд явж байгааг бүтээгдэхүүн хөгжүүлэгчид хэллээ.

“IHOTEL”
“iHotel веб хуудсын тусламжтай Монголын 500 гаруй, дэлхийн сая илүү зочид буудал, амралтын газрын мэдээллийг хурдан, хялбар, нэмэлт төлбөр, шимтгэлгүйгээр, эх хэл дээрээ, найдвартай захиалах боломжтой. Энэхүү сайтыг хөгжүүлэгчид олон улсад нэр хүндтэй “Booking”, “Аgoda”, “Аirbnb”, “Сtrip” гэх мэт цахим захиалгын системүүдтэй хамтран ажилладаг. “iHotel” цахим зөвлөх хамгийн хямд, тав тух, байрлал сайтай, хэрэгцээ шаардлагад нийцэх сонголтуудыг санал болгох аж. Хэрэглэгч эх хэл дээрээ сонголтоо хийж, аяллын зөвлөгөөг үнэгүй авснаар учирч болох олон эрсдэлээс сэргийлэхийн сацуу хямд зардлаар түвэггүй аялах боломжтой юм.

DYNAMIC CLOUD
“Gosmart” компанийн бүтээсэн “Dynamic Cloud” бол үүлэн технологид суурилсан файлын сан, синк үйлчилгээ юм. Дэлгэрүүлбэл, файлаа цахим санд хадгалах, хуваалцах, онлайн орчин дахь Word, Excel, Powerpoint дээр хамтран ажиллах болон өөр олон боломж олгосон.
“Dynamic Cloud”-аас өргөн хэрэглээний файлуудыг үзэхээс гадна ямар нэг нэмэлт программ суулгалгүй MS Word, Excel, Powerpoint форматын файлууд дээр шууд ажиллах боломжтой. Мөн нэг файл дээр олон хэрэглэгч зэрэг ажиллахад нээлттэй юм. Хэрэглэгч ажлын баримт бичиг, зураг гээд бүхий л төрлийн файлыг “Dynamic Cloud”-д хэмжээ харгалзалгүй найдвартай хадгалж хүссэн үедээ, интернэт орчинд холбогдон хаанаас ч татах, харах, янзлах боломжтой.
“Dynamic Cloud” хэрэглэгчийн ашигладаг компьютеруудтай автоматаар синк хийнэ. Ингэснээр файл давхардах, устах, вирустэх гэх мэт асуудлыг шийдсэн байна. Түүнчлэн синк хийснээр интернетгүй орчинд файлууд дээрээ ажиллаж болно.
САНАЛ БОЛГОХ