Хааны титэм Карлсенд үлдлээ

Спорт

Карлсен хол илүү гэдгээ үндсэн өрөгт болон тай-брейкт ч харууллаа

Дэлхийн шатрын хаан титмийн төлөөх халз тоглолт АНУ-ын Нью-Йорк хотноо 20 хоногийн турш үргэлжилж, өдгөө энэ цолыг эзэмшиж буй Норвегийн их мастер Магнус Карлсений ялалтаар өндөрлөлөө. Аварга цол горилогч Оросын Сергей Карякин үндсэн 12 өрөгт тэнцэж дөнгөсөн ч нэмэлт тоглолт буюу тай-брейкт хоёр ч удаа дийлдсэн юм.

Карлсен үндсэн өрөгтөө хожигдож яваад тэнцүүлсний дараа сэтгэл зүйн тайван байдалдаа орж, хяналтыг бүрэн авч чадсан нь удаах хэдэн тоглолтоос харагдсан. Хамгийн сүүлийн тавилд тэрбээр цагаанаар наадсан мөртлөө 30-аад нүүдлийн дараа тэнцэх санал тавьсан нь тай-брейкт хожно гэсэн итгэлтэй байсны шинж. Дашрамд сонирхуулахад, хоёр шатарч тай-брейкт дөрвөн өрөг нүүх бөгөөд талдаа 25 минутын бодох хугацаатай (нүүдэл бүрт 30 секундын бонус нэмэгдэнэ) байв. Хэрэв тай-брейкт дахин тэнцвэл илүү богиносгосон буюу таван минутаар нүүх өрөгт шилжих байв. Гэхдээ Карлсен асуудлыг ингэж сунжруулахыг хүссэнгүй.

Тэд тай-брейкийн эхний хоёр өрөгт тэнцсэн. Хоёр дахь тавилд норвеги эр бод илүү мөртлөө хожих боломжоо алдахад зарим хүн үндсэн өрөг дээр болсон зүйл давтагдах вий, Карлсен хожиж чадаагүйдээ шатаж магадгүй гэж болгоомжилж байв. Харин тэдний буруу болохыг Магнус нотолж, гурав дахь тавилд хараар тоглосон хэрнээ хожиж чадлаа. Чухам энэ өрөг халз тулааны шийдвэрлэх мөч байв. Байдал тэнцүүхэн байх үед Карлсен хүүгээ сул шидэн довтолсон нь Карякинд барьсан том сюрприз байв. Энэ нүүдэл Карлсенд давуу байдал авчирсан гэдэгтэй шинжээчид санал нэгдэж байна. Ер нь тай-брейк дээр санаачилгыг нэгэнт авсан хүн тоглоход илүү хялбар болдог. Тиймээс хүү шидсэн нүүдлийн дараа Карякинд хамгаалахад хэцүү болж, эсрэгээр Карлсен давуу байдлаа лавшруулсаар ялалт байгуулсан юм.

Ингээд сүүлийн өрөгт орос эр заавал хожих ёстой болсон тул эрсдэлтэй нүүдэл хийхээс аргагүйд хүрэв. Харин аварга үүнд нь бэлэн байсан тул хялбархан няцааснаар барахгүй дахин хожсон юм. Ингэхдээ бэрсээ золигт гаргаад маданд оруулсан нь шатрын сонгодог өргийн тоонд орж байна.

Карлсен жилийн өмнө Энэтхэгийн В.Анандыг түвэггүй хожиж, цолоо хамгаалсан удаатай. Энэ удаа халз дуэль нэлээд сунжирсан ч аанай л түүний ялалтаар өндөрлөж байна. Карякины хувьд залуу хүн учраас Карлсений эсрэг дориун тэмцлээ. Гэхдээ Карлсений энд хүрэх болоогүй гэдгийг хүн бүр ойлгосон байх. Ур чадварын хувьд Карлсен хол илүү гэдгээ үндсэн өрөгт ч, тай- брейкт ч харуулсан.


Орос шатарчдын хувьд гарааны давуу байдлаа ашиглах нь гол давуу тал байсаар ирсэн. Хойд хөршийн үе үеийн агуу шатарчид гарааны давуугаа ашиглан амжилтад хүрч байв. Гэтэл Карякин энэ давуу талаа гаргаж чадахгүй байсаар халз тулааныг дуусгалаа. Карякиныг дэмжигчдийн хувьд үүнд л хамгийн их сэтгэл дундуур үлдсэн болов уу.

Мөн тэрбээр хэтэрхий их хамгаалсан нь эцэстээ алдаа болсон гэж зарим мэргэжилтэн дүгнэсэн нь үнэний ортой. Карякин довтолгоо зонхилсон тоглолтыг зөвхөн есдүгээр өрөгт л үзүүллээ. Бусад үед дандаа Карлсений хяналт дор тоглолт өрнөж байв.

Ямартай ч халз тулаан дуусч, Карлсен ховорхон сод авьяастан гэдгээ дахин нотлоод байна. Оросын шинэ үеийн төлөөллөөс хамгийн сайн нь гэгддэг Карякин түүнээс аваргын титэм булаахаар оролдсон ч зорилгодоо хүрч чадсангүй. Хэрэв Карякин биш юм бол өөр хэн Карлсенийг ялж чадах бол? Шатрын мэргэжилтнүүдийн дийлэнх нь энэ хүнээр Америкийн Фабиано Каруанаг нэрлэж байна. 24 настай энэ залуу 14-тэйдөө их мастер цол хүртэж, шатрын хүрээнийхэнд танил болж байлаа. Өдгөө америк гроссмейстр 2823 чансаагаар дэлхийд хоёрт бичигдэж байгаа юм. Тэрбээр дэлхийн аваргын өрсөлдөгчийг тодруулах тэмцээнд Карякинтай эцсээ хүртэл тэмцээд хоёрт орсон билээ. Хамгийн гол нь тэрбээр Карлсений эсрэг тун сайн тоглодог нь олны итгэл хүлээх үндэс болж байна. Хоёр шатарчин уртын өрөгт 23 удаа халз тулахад Каруана тав, Карлсен найм хожиж, 10 тоглолтод эвийн гэрээ байгуулжээ.

Мэргэжилтнүүд хэдийгээр түүнд илүү боломж өгч байгаа ч Карякиний тал даагаа нэхэх бодолтой байна. Түүний менежер К.Зангалис “Дараа жил Карякин өрсөлдөгчийг тодруулах тэмцээнд дахин түрүүлнэ гэж найдаж байна. Харин хоёр жилийн дараа гэхэд Карлсенийг очих хэмжээнд хүрсэн байх болно” хэмээн ярьжээ. Дашрамд сонирхуулахад, дэлхийн аваргыг тодруулах шийдвэрлэх тоглолтуудыг 200 орны гурван сая гаруй хүн интернэтээр үзэж сонирхжээ.


САНАЛ БОЛГОХ