Компаниуд хамтран Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг барих боломжтой гэв
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний зургаан уурхай ажилладгаас гурван компани хамтарч, нэг жилийн хугацаанд Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг барьж дуусгах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Одоогоор Өмнөговь аймагт нийт 32 сая тонн нүүрс олборлож байгаа ч тус боомтоор нэвтрүүлэх автомашины тээврийн хүчин чадал ердөө 11 сая тонн байгаа ажээ. Төмөр замын тээвэр шийдэгдэх хүртэл Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 45.5 км хүнд даацын автомашин явах зам ашиглалтад ороод жил гаруй хугацаа өнгөрч байна. Ингэснээр тээврийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурсан боловч боомтоор гарах дэс дараа буураагүй байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр зам, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замыг барьж байгуулахаар тусгасан бөгөөд 2009 онд ТЭЗҮ нь бэлэн болж хүлээгдэж байгаа Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар Зам, Тээврийн хөгжлийн сайд мэдээллээ.
Харин нүүрсний олборлолт явуулж байгаа хувийн хэвшлийнхэн нийлээд төмөр замаа баривал Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн гэдгийг онцолжээ. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн 47.8 км төмөр зам баригдсаны дараа Баянхонгорын Шинэжинстэд үйл ажиллагаа явуулдаг зургаан компани хамтраад Шинэжинст-Нарийнсухайтыг холбосон 250 км төмөр замыг өөрсдөө барья гэдэг саналыг тавиад байгаа гэж Зам, Тээврийн хөгжлийн яамнаас онцолж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй