Төмөр замын бодлогын баримт бичгийн шинэчилсэн хувилбарыг Засгийн газраар хэлэлцүүлнэ
Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас энэ сард төмөр замын бодлогын баримт бичгийн шинэчилсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дэмжигдсэн тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Төрөөс төмөр замын төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг 2010 онд баталж байсан бөгөөд харин энэ удаад өөрчлөлт оруулснаар хэрэгжих боломжтой төслүүдийн дараалалд өөрчлөлт хийх ажээ. Одоо баримталж байгаа бодлогын дагуу эн тэргүүнд шаардлагатай төмөр замын суурь бүтэц бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам бөгөөд барилгын ажлыг нь яаралтай эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа боловч БНХАУ-ын талтай төмөр замын холболтын цэгийг тохироогүй байгаа талаар салбарын яамнаас мэдээллээ.
Үүнээс гадна Нарийнсухайт-Шивээхүрэнгийн 47.8 км төмөр зам баригдах шаардлагатай байгаа аж. Энэ шугам нээгдсэний дараа Шинэжинст-Нарийнсухайтыг холбосон 250 км төмөр замыг барих боломжтой байгаа юм.
Өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа төмөр замын тээврийн бодлогод мөн эдийн засгийн хувьд ач холбогдолтой Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замын асуудлыг бодлогод суулгахаар Зам, Тээврийн Хөгжлийн яам боловсруулжээ. Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Монгол-БНХАУ-ын хилийн Ханги боомт хүртэлх 280 орчим км төмөр зам баригдах шаардлагатай гэж үзэж байна.
Эдгээр төслийг бодлогын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлснээр Монгол Улсын төмөр замын сүлжээг тээвэр логистикийн хувьд оновчтой, санхүүгийн үр ашигтайгаар өргөтгөх боломжтой ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй