БНХАУ: Далай ламын айлчлалаас Монгол сургамж авна гэдэгт найдаж байна

Мэдээ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам шашны шугамаар ч Монголд айлчлахгүй гэж ойлгож болно" онцолсон юм. Үүний дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас хийсэн мэдэгдэлд "Далай ламын сүүлийн айлчлалаас Монгол сургамж авна гэдэгт найдаж байна" гэж мэдэгдлээ. Далай ламын Монголд хийсэн айлчлалыг БНХАУ-ын тал эсэргүүцэж, хоёр талын уулзалт хэлэлцээг зогсоогоод байв. Мөн Ганц модны боомт дээрх өөрчлөлттэй холбоотойгоор “Оюу Толгой” компани зэсийн баяжмалын тээвэрлэлтээ 12 дугаар сарын нэгнээс эхлэн долоо хоногийн хугацаатай зогсоосон бөгөөд энэ хооронд ойролцоогоор 20 сая ам.долларын зэсийн баяжмалын борлуулалт тасалджээ. Хэрэв тээвэрлэлт хэвийн үргэлжилсэн бол долоо хоногийн хугацаанд “Оюу Толгой” компани татварт 1.3 сая ам.доллар төлөх ёстой байсан талаар “Эрдэнэс Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар мэдээлсэн юм.

Лхагва гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуненг “Монголын тал БНХАУ-ын гол ашиг сонирхлыг хүндэтгэнэ гэдэгт найдаж байна” гэж мэдэгдлээ. Хуа Чуненг “Далай ламын саяхан Монголд хийсэн айлчлалын талаар Монголын Гадаад харилцааны сайдын хийсэн мэдэгдэлд БНХАУ ач холбогдол өгч байна. Төвөдтэй холбоотой асуудал нь БНХАУ-ын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, гол ашиг сонирхлын асуудал юм. Төвөдтэй холбоотой асуудалд БНХАУ-ын байр суурь маш тодорхой. Монголын тал энэ асуудлаас сургамж авч, БНХАУ-ын гол ашиг сонирхлыг хүндэтгэн, үүрэг амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байна, мөн БНХАУ-Монгол Улсын харилцааг сайжруулах чиглэлд хүчин зүтгэл гаргана гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгджээ.



САНАЛ БОЛГОХ