Хог, хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Мэдээ

УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хог, хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2006, 2007 онд хийсэн судалгаа, тооллогоор Улаанбаатар хотоос жилд 10 мянган тонн аюултай хог хаягдал үүсдэг гэж тогтоосон байна. Тухайн үед Улаанбаатар хотоос жилд 400 мянган тонн хог хаягдал үүсдэг байсан бол одоо энэ тоо бараг гурав дахин нэмэгджээ. Тиймээс иргэдэд хог, хаягдлын боловсрол олгох, хог, хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйл ажиллагааг урамшууллаар дэмжих зохицуулалтыг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Ингэснээр хог хаягдлыг ангилж ялгах үйл ажиллагаа сайжирч, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэх сонирхол нэмэгдэн, энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүд бий болно гэж үзэж байна.

Олон улсад баримталж байгаа “үүсгэгч нь хариуцах”, “бохирдуулагч нь төлөх” зарчмуудыг хангах зорилгоор үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах зохицуулалтыг оруулжээ. Мөн үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.



САНАЛ БОЛГОХ