Түймэртэй холбоотойгоор Ерөнхийлөгч зарлиг гаргана

Мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо. Тэрбээр Төв аймгийн Батсүмбэр суманд түймрийн голомтод ажиллаад ирснийхээ дараа Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ зэрэг албаны хүмүүстэй шуурхай зөвлөгөөн хийсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комиссоос гаргасан уул, модонд аялж зугаалахыг хориглох тухай шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэх, зөвхөн нэг удаагийн түймрийг аргацааж өнгөрөөхөд бус, цаашид байгалийн гамшгийн өмнө бэлтгэлтэй байхыг анхааруулсан талаар Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ. Үүнээс гадна Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар түймрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргасан байна. Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд асаж байсан хоёр түймрийг цурамд оруулаад байгаа ажээ.

Хэдийгээр цэрэг дайчлах шаардлагагүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас танилцуулсан ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс тодорхой тооны алба хаагч, техник хэрэгслийг дайчилж ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ дагуу Төв аймгийн Эрдэнэ суманд асаж байгаа түймрийн голомтод цэргийн 24 алба хаагч ажиллаж эхлээд байна.

Цаашид УБТЗ, Иргэний нисэхийн ерөнхий газрын гал сөнөөгчид, техник хэрэгслийг дайчлахыг Зам, Тээврийн хөгжлийн сайдад, түймэр унтраах тусгай зориулалт бүхий онгоц худалдан авах талаар судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад даалгалаа. Мөн түймэр унтраахаар ажиллаж байгаа иргэдийг нийтийг хамарсан ажил, үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж урамшуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгожээ.

Түүнчлэн дөрвөн тонн ус тээвэрлэж агаараас цацах зориулалт бүхий онгоц, мэргэжлийн багийг гаднаас урьж авчран хүмүүсээ сургах, үүлэнд зориуд нөлөөлж бороо оруулахад шаардлагатай хөрөнгийг гаргахаар болсон байна. Мөн ногоон бүсэд амралт, аялал, зугаалга хийхийг түр хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтаа эрс чангатгахыг үүрэгджээ.

Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байна. ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд хариу нь өнөөдөр ирнэ гэж Засгийн газраас мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ