“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ

Мэдээ

“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар даваа гарагт баталлаа. 59 арга хэмжээ бүхий энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглоно. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасаж, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна гэж тооцоолсон байна. Хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг нийтэд танилцуулах “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт байгуулна. Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг” сан байгуулах тухай хуулийн төслөөс гадна байгаль орчныг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх чиглэлээр үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах юм. Хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух гаргадаг.

Харин 10 хувийг 400 гаруй мянган авто тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, дөрвөн хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдлаас ялгарч байгаа утаа, тоос тортог эзэлж байна. Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг энэ оны эхний өдрөөс тэглээд байгаа бөгөөд энэ хүрээнд 108 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 100 хувь, 39 мянга орчим хэрэглэгчийнхийг 50 хувь хөнгөлж үүнд хоёр тэрбум төгрөг зарцуулсан гэж Засгийн газар мэдээллээ. Мөн цахилгааны хөнгөлөлтөд зарцуулах төсвийг 3.5 тэрбум төгрөг болгосноор зорилтот бүлгийг сайжруулсан түлш, зуухаар хангах боломж бүрдсэн байна. Энэ ажлыг ирэх 11 дүгээр сар гэхэд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөжээ. Засгийн газрын мэдээлснээр агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх юм байна.



САНАЛ БОЛГОХ