Хатан хаан II Элизабет Зул сарын баярын арга хэмжээнд оролцсонгүй
Их Британийн Хатан хаан II Элизабет ням гарагт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийт, ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрбээр хэлсэн үгнийхээ эхэнд энэ жил "Рио"-ийн Зуны олимпоос медаль хүртсэн Паралимпийн болон бусад баг тамирчдад талархаж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн агуу үйлийг бүтээж буй энгийн хүмүүсээс үргэлж урам зориг, хүч чадал авч байдаг гэдгээ онцлон дурдсан байна. Их Британийн Хатан хаан II Элизабет “Хүмүүс бэрхшээлтэй тулгарах үедээ гүн амьсгаа авч, хүч чадал урам зоригийг дахин олохыг хүсдэг. Гэхдээ үнэндээ гүн амьсгаа авч бүхнийг эргэцүүлнэ гэдэг бол урам зоригийг олно гэсэн үг юм. Хэдий бид бусад хүмүүсээс урам авдаг ч дэлхий дахинд тулгарсан бэрхшээл асар том учраас бид үүнийг шийдэхэд тусалж чадах зүйл өчүүхэн бага мэт санагддаг. Бид зөвхөн өөрсдийн хүчээр дайныг эцэс болгож, шударга бусыг үгүй хийж чадахгүй.
Гэхдээ олон мянган жижиг үйлүүдийг нийлүүлснээр бид өөрсдийн төсөөлснөөс ч том зүйлд хүрч болно” хэмээн мэдэгджээ. Үүнээс гадна Их Британийн Хатан хаан II Элизабет сүүлийн 30 жилд анх удаа Зул сарын баярт зориулсан сүмийн арга хэмжээнд оролцсонгүй. Өдгөө 90 настай тэрбээр Норфолк мужийн Сандрингхам ордны ойролцоох сүмийн арга хэмжээнд оролцох ёстой байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас арга хэмжээнд оролцох боломжгүй болсон гэх тайлбарыг Букингемийн ордноос ирүүлсэн байна. Хааны гэр бүлийнхний Зул сарын баяраа тэмдэглэдэг энэхүү арга хэмжээнд Хатан хаан 1988 оноос хойш тогтмол оролцсоор ирсэн юм. Харин Mary Magdalene сүмд болсон энэ удаагийн арга хэмжээнд Эдинбургийн гүн хунтайж Филипп, ханхүү Чарльз, түүний эхнэр Камилла Паркер Боулз болон ханхүү Харри нар оролцжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй