Үнэт цаасны арилжаа 12 дугаар сард 2.3 дахин өсөв

Мэдээ

2016 оны сарын хамгийн өндөр өсөлт Монголын Хөрөнгийн биржид оны эцэст гарч, ТОП-20 индекс өмнөх сараас 12.29 хувиар өссөнөөр 12,456.06 нэгж болж хаагджээ. “Marketinfo.mn” цахим хуудасны шинжээчдийн тайлбарлаж байгаагаар өсөлтийг аж үйлдвэр болон санхүүгийн салбарын хувьцааны өсөлт дэмжсэн байна. 2016 оны сүүлийн сард Монголын Хөрөнгийн биржид 106.95 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн нь оны хамгийн өндөр идэвхтэй сар болжээ. 12 дугаар сард үнэт цаасны арилжаа өмнөх 11 дүгээр сарынхаас 2.3 дахин өссөн дүнтэй гарсан байна. Хэдий тийм боловч үнэт цаасны арилжааны 98.1 хувийг Засгийн газрын бондын арилжаа эзлэв. Ялангуяа хоёрдогч захын ЗГҮЦ-ны арилжаа 7.55 тэрбум төгрөг болж, 4.7 дахин өссөнийг зах зээлийн шинжээчид онцолж байна. 12 дугаар сард өдөрт дунджаар 99.4 сая төгрөгийн хувьцаа, 5.2 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжсан үзүүлэлттэй байна.

12 дугаар сард хувьцааны ханшийн хөдөлгөөнөөр өсөлт давамгайлж, 68 компанийн хувьцаа арилжигдсанаас 42-ынх нь ханш өсжээ. Үүнд 22 компанийн хувьцаа 10 хувиас дээш хэмжээгээр өссөн дунд долоон компанийн хувьцааны ханш 20 хувиас дээш хэмжээгээр өслөө. 2016 оны сүүлийн сард хамгийн өндөр өсөлттэй байсан хувьцаа “Монгол савхи”, “УБ-БҮК”, “Жуулчин Дюти Фрий” буюу хуучнаар “Газар сүлжмэл”, Монголын Цахилгаан Холбоо, "МИК Холдинг"-ийнх байв




САНАЛ БОЛГОХ