Эдийн засгийн идэвхтэй хүн амын 59.5 хувь нь хот, суурин газарт оршин сууж байна
Статистик мэдээллээр Монгол Улсын эрэгтэйчүүдийн 9.8 хувь, эмэгтэйчүүдийн 7.6 хувь нь боловсролгүй байгаа аж. Хөдөлмөрийн статистикт хүн амыг хөдөлмөр эрхлэлтээр нь эдийн засгийн “идэвхтэй”, “идэвхгүй” гэж ангилсан байдаг бөгөөд одоогоор эдийн засгийн идэвхтэй хүн амын 92.5 хувь нь ажиллагчид, 7.5 хувь нь ажилгүй иргэд байна. Идэвхтэй хүн амын тоонд ажил эрхлээгүй боловч бэлэн байгаа, ажил идэвхтэй хайсан иргэдийг оруулан тооцож байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 59.5 хувь нь хот, суурин газарт, 40.5 хувь нь хөдөө орон нутагт оршин сууж байгаа аж. Ажиллах хүчний оролцооны түвшнийг насны бүлгээр тооцсоноор нь хөдөлмөрийн зах зээл хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болох аж. Ажиллах хүчний оролцооны түвшин тухайн улс оронд бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэхэд бэлэн байгаа хүний нөөцийн хэмжээг тооцоход чухал байдаг.
Тиймээс Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшин 2015 онд 15-19 насанд 10.8 хувь байсан бол 20-24 насанд өсөж, 53 хувьд хүрч, 25-29 насанд 75.3 хувь, 30-44 насны бүлэгт 81.7-86 хувь болж өссөн байна. Харин 45-49 насны бүлгээс эхлэн аажмаар буурч, 55-59 насанд 45.8 хувь, 60-64 насанд 21.8 хувь болжээ. Ажиллах хүчний оролцооны түвшин 40-44 насанд хамгийн өндөр буюу 86 хувьтай байгаа юм. Мөн бүх насны бүлэгт эрэгтэйчүүдийн оролцоо эмэгтэйчүүдийнхээс өндөр байгаа бол хөдөө орон нутагт эрэгтэй, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин хот, суурин газрынхаас өндөр байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй