Ухаалаг гар утас үйлдвэрлэгч БНХАУ-ын компаниуд дотоодынхоо нийлүүлэлтийн дийлэнхийг хангажээ
Ухаалаг гар утас үйлдвэрлэгч БНХАУ-ын “Oppo”, “Huawei” брэндүүд тус улсын зах зээлээс “Apple”, “Samsung”-ийг шахаж байна. Тухайлбал, “Vivo” тэргүүтэй дотоодын тоглогчид 2016 онд ухаалаг гар утасны зах зээлийг тэргүүлж, нийт нийлүүлэлтийн 48 буюу тал шахуу хувийг бүрдүүлсэн талаар “IDC” судалгааны газраас мэдээллээ. Үүгээр зогсохгүй эдгээр компаниуд 2017 онд уян хатан, нугардаг дэлгэцтэй гар утсаараа зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалж үлдэнэ гэсэн зорилт тавьжээ. Эндээс харахад зах зээлийн ширүүн өрсөлдөөнд “iPhone 7”-ийн эрэлт төдийлөн сайн биш байгаа нь харагдаж байна. Тодруулбал, “Apple”-ийн IV улирлын нийлүүлэлт буурсан нь үүний тод жишээ юм. Анх 2011 онд ухаалаг гар утасны зах зээлд “Xiaomi”-оос авхуулаад олон компаниуд түрэн орж ирснээр “Apple”, “Samsung”-ийн БНХАУ-ын зах зээлд эзлэх байр суурь ганхаж эхэлсэн байна. 2016 онд “Xiaomi” компани борлуулалтаараа “Apple”-ийн дараа, тавдугаарт бичигдэж байсан ч БНХАУ-ын ухаалаг гар утасны зах зээлд “Oppo”, “Huawei”, “Vivo” зэрэг тус улсын компаниуд тэргүүлж байгаа юм.
Үүнээс гадна “Аpple” компани хуучин “iPhone” гар утаснуудыг Энэтхэгт борлуулах чиглэлд эргээд анхаарч эхэлсэн гэж ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Тус компани Энэтхэг улсад гар утсаа үйлдвэрлэж эхлэхээр тус улсын Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа аж. Энэтхэгчүүд үнэ нь хямдарсан, хуучин “iPhone” гар утас худалдаж авах илүү сонирхолтой байдаг талаар “Gartner”-ийн Энэтхэгийн зах зээл хариуцсан шинжээч тайлбарласан байна. Тэрбээр тус улсад борлуулагдаж байгаа гар утасны 70 хувь нь 200 ам.доллараас доош үнэтэй байдаг гэж онцолжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй