МХБ: 14 компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараана
2016 онд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 26 хувьцаат компани 2015 оны үйл ажиллагааны ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах шийдвэр гаргасан байдаг. Харин энэ онд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд мэдээлснээр 14 ХК 2016 оны үйл ажиллагаанаас олсон ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах юм байна. Тухайлбал, АПУ компани хувьцаа эзэмшигчдэдээ 5.20 тэрбум төгрөг тараасан нь нийт ногдол ашгийн дүнгийн 33 хувийг бүрдүүлж тэргүүлэх үзүүлэлт болж байжээ. Харин 2017 онд бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан үзэж нэгж хувьцаандаа нэг төгрөг буюу нийт 741.6 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэжээ. Валютын ханшийн зөрүүнээс өндөр гарзтай ажилласантай холбоотой ногдол ашигт олгох хэмжээ долоо дахин буурсан байна. Хэдий тийм боловч ногдол ашиг тасралтгүй олгож байгаа юм.
Үүнээс гадна сүүлийн зургаан жил хувьцаа эзэмшигчдэдээ тасралтгүй ногдол ашиг олгож байгаа томоохон үйлдвэр бол “Говь” компани юм. Тус компани одоогоор нэгж хувьцаанд 200 төгрөг буюу нийт 1.56 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ. “Говь” компани сүүлийн зургаан жилд 6.5 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгосон байна.
Томоохон компаниуд ногдол ашгийн бодлогыг ийнхүү тогтвортой байлгаж байгаа бол энэ оноос “Гермес” центр жилд хоёр удаа ногдол ашиг олгох бодлого баримтлахаар болсноо мэдээллээ. Тус компани өнгөрсөн оны наймдугаар сард эхний хагас жилийн ашгаас 323.6 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар зарласан бол энэ удаад хоёрдугаар хагас жилийн ашгаас 320 сая төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ.
Харин “МИК Холдинг” компани ногдол ашгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүллээ. 51.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тус компани ашгийнхаа 19 хувь буюу 9.77 тэрбум төгрөгийг ногдол ашигт олгох юм байна. 2015 онд хувьцаа эзэмшигчдэдээ 4.99 тэрбум төгрөгийг ногдол ашиг олгож байсан бол энэ онд ийнхүү хоёр дахин нэмэгджээ.
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хамгийн отгон компанийн нэг “Монгол шуудан” ХК IPO гаргаснаас хойших анхны ногдол ашгаа олгох болсон нь нэгж хувьцаанд 3.03 төгрөг буюу нийт 301.9 сая төгрөг байгаа аж. Ногдол ашгаа ирэх тавдугаар сарын нэгнээс эхлэн олгож эхлэх юм байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй