Ам.долларын ханш сүүлийн таван өдөр дараалан буурлаа

Мэдээ

Ам.долларын албан ханш сүүлийн таван өдөр дараалан буурч, сүүлийн дөрвөн сарын ёроолын ханшаас дахин буурлаа. Төв банк пүрэв гарагт арилжааны банкнуудаас ам.доллар худалдан авсны дараа мөрдөх ханшийг 2452.44 төгрөг дээр зарласан байна. Энэ сарын турш ам.долларын ханш төгрөгийн эсрэг 0.77 хувиар буурсан гэсэн үг юм. Монголбанк пүрэв гарагт гадаад валютын дуудлага худалдаагаар 9.9 сая ам.долларыг спот арилжаагаар банкнуудаас худалдан авчээ. Энэ нь банкнуудын нийт нийлүүлэлтийн 67.8 хувь буюу гуравны хоёрыг авсан гэсэн үг болж байна. хэдий тийм боловч банкнууд 0.4 сая ам.доллар худалдан авах хүсэлт гаргасан ч хүсэлтийг Төв банк биелүүлээгүй байна. Харин юанийн ханш энэ сарын турш төгрөгийн эсрэг 0.9 хувиар буурчээ. Хамгийн сүүлд зарласнаар албан ханш 355.8 төгрөг болоод байгаа нь сүүлийн хоёр долоо хоногийн хамгийн сул түвшин болж байна.

Түүнчлэн 50 өдрийн дундаж ханшаас 3.29 төгрөг, 100 өдрийн дунджаас 2.9 төгрөгөөр хямд байгаа бол 200 өдрийн дунджаас 13.8 төгрөгөөр өндөр түвшинд тогтоод байгаа юм. Арилжааны банкнууд пүрэв гарагт гадаад валютын дуудлага худалдаагаар 19 сая юань худалдан авах, нэг сая юань худалдах санал Монголбанканд тавьсан ч Төв банк юанийн спот арилжаа хийсэнгүй.



САНАЛ БОЛГОХ