Олимп зохион байгуулах хот олдохоо болих нь

Спорт

Олимпийн нийслэлийг тодруулдаг өнөөгийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол хүлээн авах хот олдохоо болих нь гэж Олон улсын олимпийн хорооны Маркетингийн албаны захирлаар ажиллаж байсан Майкл Пэйн өгүүллээ. Тэрбээр өөрчлөлт шинэчлэл яаралтай хийх шаардлагатайг дурдаад, өнөөгийн тогтолцоог “үхлийн” гэж нэрлэсэн байна. 59 настай Пэйн 2024 оны олимпийн төлөөх өрсөлдөөнийг энд жишээ болгон дурджээ.

Зуны XXXIII олимпийг зохион байгуулах хүсэлтэй гэдгээ анх арав гаруй хот илэрхийлж байв. Гэвч явцын дунд энэ тоо цөөрсөөр эцэст нь Лос-Анжелес, Парис хот л тунан үлдсэн юм. Хамгийн сүүлд Хамбург, Ром, Будапешт нэрээ татсан билээ. Зарим нь ялах шансгүй гэдгээ ойлгон өрсөлдөөнөөс татгалзсан бол нэг хэсэг нь санхүүгийн тал дээр бяр хүч нь дутсан. Мөн зарим хот оршин суугчдынхаа дунд санал асуулга явуулж, олонхын саналаар ийм шийдвэр гаргасан юм. Жишээ нь Хамбург хот 2015 оны арваннэгдүгээр сард оршин суугчдаасаа асуухад 51.6 хувь нь олимпийг эсэргүүцжээ.

Уг нь зуны олимп хүлээн авахын төлөөх өрсөлдөөн тун ширүүн өрнөдөг байлаа. 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 оны олимпийг сонгох эцсийн шалгаруулалтад тус бүр таван хот нэрээ дэвшүүлсэн нь үүний нотолгоо. Ялангуяа 2012 онд Лондон, Нью-Йорк, Парис, Мадрид, Москва гэсэн хөгжлөөрөө дэлхийд дээгүүр бичигддэг таван луугар хот ана мана үзэлцэж, британичууд багахан саналын зөрүүгээр ялсан билээ. Харин одоо хотууд олимпоос жийрхэх болсны шалтгаан юу вэ? Үүнийг мэргэжилтнүүд нэр дэвшүүлэлтийн нүсэр процесстой холбон тайлбарлаж байна.

Тухайн хот олимпийн төлөө өрсөлдөх сонирхолтойгоо илэрхийлснээс хойш цөөнгүй шалгуур даван туулах шаардлагатай болно. Энэ хооронд ОУОХ-ны экспертүүд тогтмол айлчилж, бэлтгэл ажилтай танилцдаг. Спортын барилга байгууламжаас гадна тээврийн сүлжээ, зам харилцаа зэрэг дэд бүтцээ давхар шийдсэн байх ёстой. Хэрэв аль нэг нь дутагдалтай бол өөрчлөн сайжруулах шаардлага тавина. Ингээд бөөн явдал чирэгдэл болсны эцэст нэр дэвших эрхээ албан ёсоор авдаг. Гэхдээ нэр дэвшсэн л бол ялалт байгуулна гэсэн үг биш. Эцсийн шатанд давж гарахын тулд бас л багагүй хөрөнгө зарцуулж, хотоо сурталчлах томоохон кампанит ажил өрнүүлдэг. Ийнхүү хот бүр өчнөөн саяар нь мөнгө зарцуулах хэдий ч эцсийн дүндээ ганц нь л ялагч болно. Эдийн засагт туйлын хорлонтой энэ олон шат дамжлага хотуудыг туйлдуулж, өрсөлдөөнөөс нэрээ татахад хүргэдэг байна.

Яаж ийгээд ялагч боллоо ч гэсэн олимпоос ашиг олно гэдэг амаргүй. Маш сайн төлөвлөж зохион байгуулсан цөөн хэдэн хот л ашиг олдгийг урьд өмнөх түүх бидэнд сануулна. Сүүлийн үеийн жишээ гэвэл 2010 оны Ванкувер, 2012 оны Лондон, 2002 оны Солт-Лейк хотууд олимпийн үеэр ашигтай ажиллажээ. Хятадууд Бээжингийн олимпийг 44 тэрбум ам.доллараар зохион байгуулаад 146 саяын ашиг олсон гэж тайландаа дурдсан ч үүнд нь итгэх хүн ховор. Харин 2006 оны Турин, 2004 оны Афин, 2000 оны Сидней хотууд олимп хүлээн авсан биш багагүй мөнгөөр “шатаад” өнгөрчээ. Үүнээс хамгийн харамсалтай түүх нь Афиных бөгөөд грекчүүд 14 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэдэг. Энэ нь явсаар хэдэн жилийн дараа Грекийн их хямралын үндэс болсон юм.

Зуны олимп хэтэрхий нүсэр болохоор цөөн хэдэн том хотын “тоглоом” болж хувирсан талаар шүүмжилдэг ч байдал хэвээрээ. Үүнээс болж бяр чадал муутай дундаж зэрэглэлийн хотууд өрсөлдөөнөөс нэрээ татахаас аргагүй болсоор. Зуны олимпийн төлөө хоёрхон хот нэрээ дэвшүүлэх хэмжээнд хүрсэн болохоор ОУОХ шийдвэртэй арга хэмжээ авч, өрсөлдөөнийг эргүүлэн авчирна гэж найдья.

Эцэст нь 2024 оны олимпийн нийслэлээр аль хот тодрох талаар Майкл Пэйн хэрхэн таамагласныг сонирхуулья. Түүний бодлоор Лос-Анжелесийн ялах магадлал 85 хувь аж. 1976 онд Монреаль, 1980 онд Москва хот олимп зохиогоод алдагдалд орж, олимпийн нэр хүнд унаад байх үед Лос-Анжелес 1984 оны наадмыг гялалзтал явуулсан. Сайн төлөвлөж л чадвал олимпоос үлэмж ашиг олж болно гэдгийг харуулсан нь тэдний гол гавьяа байв.

САНАЛ БОЛГОХ