Европагийн хөрөгтэй 50 евро
Мөнгө ба бизнес
Шинэ дэвсгэртийг сэтгэл судлаачидтай хамтран бүтээжээ
Үзэсгэлэнт атлаа нууцлаг евротой танилц. 19 орны мөнгөний бодлогыг зангиддаг Европын төв банк энэ сарын 4-нөөс 50 еврогийн шинэ дэвсгэртийг гүйлгээнд гаргалаа. Евро бүсийн мөнгөний бодлогын “луужин” тус банк шаргал өнгийн 50-тын дэвсгэртийн зүсийг хувиргасан нь учиртай.
Учир нь тус дэвсгэрт хөгшин тивийн бэлэн мөнгөний гүйлгээнд хамгийн түгээмэл хэрэглэдэг үнэт цаас аж. Албаны мэдээллээр төв банкнаас гүйлгээнд гаргасан нийт мөнгөн тэмдэгтийн бараг талыг нь шаргал дэвсгэрт бүрдүүлдэг байна. Гэвч бэлэн мөнгөний эргэлтэд эзлэх 50 еврогийн нөлөө нэмэгдэхийн хэрээр түүнийг хуурамчаар үйлдэх нь ихэсчээ. Бараг албаныхны хяналтаас гарсан гэхэд хэлсдэхгүй. Ганцхан жишээ хэлэхэд, албаныхны илрүүлээд буй нийт хуурамч еврогийн талаас илүү нь 50-т бүрдүүлдэг байна. Энэ нь ч сүүлийн жилүүдэд Европын төв банкны толгойны өвчин болсон. Тиймээс Евро бүсийн мөнгөний бодлого тодорхойлогчид хуурамч мөнгийг хумихын тулд өндөр нууцлал бүхий шинэ дэвсгэрт гаргасан нь энэ.
» Финикийн гүнж Европагийн холограм хөргийг залсан нь учиртай.» 50 евро нь хөгшин тивийн бэлэн мөнгөний гүйлгээнд хамгийн түгээмэл хэрэглэдэг дэвсгэрт.
Сонирхолтой нь, банкны удирдлагууд шинэ дэвсгэртийг сэтгэл судлаачидтай хамтран бүтээжээ. Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаач Дэвид Иглмэн энэ ажилд идэвхийлэн оролцсон байна. Мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхэд хэцүү, илрүүлэхэд хялбар болгохын тулд таних тэмдэг нэмэх саналыг сэтгэл судлаачид гаргасан. Ингэхдээ тархины онцлогт тулгуурлан, хүний царайг хэвлэх нь зүйтэй гэж үзжээ. Учир нь, хэрэглэгчид хүний дүр төрхийг эд зүйлсээс илүү таньж, анзаардаг байна. Түүгээр үл барам царайны багахан өөрчлөлтийг ч сайн мэдэрдэг аж.
Хуурамч еврогийн усан хээг ихэнхдээ гараар зурдаг. Тэгвэл хүний царайг нэмснээр хуурамчаар үйлдэх нь улам хэцүү болно гэсэн дүгнэлтэд ч хүрсэн байна. Эдгээр шалтгааны улмаас хүний хөргийг мөнгөн дэвсгэртэд нэмжээ. Харин банкир болон сэтгэл судлаачид хэний хөргийг хэвлэх талаар нэлээд судалсан. Эцэст нь эртний Грекийн домогт гардаг Финикийн гүнж Европагийн холограм хөргийг залахаар шийдсэн байна. Тэд Зевс бурхны амраг гэгддэг Европа гүнжийг сонгосон нь бас учиртай. Шалтгаан нь түүний нэрээр анх Европ тивийг нэрлэсэн түүхтэй аж. 50 еврогийн шинэ дэвсгэртийг гэрэлд харвал Европа гүнжийн хөрөг тодрон харагддаг байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй