Хэнгэрэгийн дохиур
Нийтлэл
Төв зам дагуух айлууд дуу чимээний бохирдолтой хүнд нөхцөлд байна
Түгжрээ, хог, утаа, шорооноос эхлээд хээл хахууль, архидалт, хар тамхи, биеэ үнэлэлт гээд муу муухайтай сүлэлдсэн “нүглийн хот”-д бид амьдарч байна. Сэтгэл гутралын хүнд, хөнгөн хэлбэрүүд хаврын саруудад ихэссэн бололтой нь хурцаар ч, хугасаар ч харагдаж эхлэв. Хувь хүний сэтгэл зүйн төлөв байдлын дийлэнх нь өөрөөс шалтгаалдаг. Гэсэн хэдий ч сая хүнтэй хотын удирдлагуудад иргэдийнхээ стрессийг багасгах боломж бий. Энэ бол дуу чимээний бохирдлыг багасгах. А.Баярмаа “Би жирэмсэн хүн. Машины дуут дохио их түвэгтэй байдаг. Зам гарах гээд зогсож байхад л жолооч нар хэрэгтэй, хэрэггүй юманд дарж, бухимдлаа гаргадаг” гэв.
Манай нийслэл хотод дуут дохио буюу сигналыг жолооч нар хүссэн үедээ дарж, уураа гаргах хэрэгсэл болгожээ. Зарим нь гараж онгойлгох түлхүүр, хаалга онгойлгох товшуур, нэгнийгээ дуудах дуудлагын хэрэгсэл болгосон байна. Автобус болон том оврын тээврийн хэрэгслийн хийн сигналаас айж, цочсон иргэдийн гомдол тасардаггүй. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн албанаас “Хийн дуут дохио” нэртэй 14 хоногийн аян өрнүүлжээ. Том оврын автобус мэр сэр галт тэрэг явна уу даа гэж андуурмаар чанга дуутай дуут дохио ашиглах нь бий. Хэрэв та хэтэрхий чанга дуут дохиотой автобустай таарвал дугаарыг нь тэмдэглэн авч нийтийн Тээврийн газрын утас руу залгаж мэдээлээрэй.
Мэргэжилтнүүд тухай нийтийн тээврийг шалгаж, дуут дохиог нь солиулан, дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд торгох арга хэмжээ авна. Нийтийн тээврийн газраас энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хэт чанга дуут дохио ашиглахгүй байх шаардлага тавьдаг ажээ. Албаны эх сурвалж “Иргэд гомдол гаргахдаа хэдэн сарын хэдэнд, яг хаана, аль чиглэлд явдаг, хэдэн номерын гараж, дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл хориглосон дуут дохио ашигласан бэ гэдгийг баримтжуулсан байх шаардлагатай” гэлээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор дуут дохио хэрэглэнэ. Үүнээс бусад тохиолдолд дуут дохио хэрэглэвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэмээн үзэж 5-25 мянган төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авна” хэмээн заажээ. Гэтэл дуут дохиог хэрэглэх соёл манайд төдийлэн дэлгэрээгүйг хэн хүнгүй мэднэ.
Дуут дохиогоо хэрхэн ашигладаг талаар бид 95 жолоочийн дунд судалгаа явууллаа. Тэдний 80 хувь нь хуульд зааснаас бусад тохиолдолд буюу шаардлагагүй үед дуут дохио ашигладаг хэмээн хариулжээ. Тэгвэл үүний 69 хувь нь уурлаж, бухимдахдаа дардаг гэсэн байна.
Дуут дохио буюу сигнал нь хүний сэтгэц, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, эсэхийг бид тэр бүр мэддэггүй. Гэтэл бага насны хүүхэд болон нярай хүүхдийн тархи, сэтгэхүйд нөлөөлж, унаж татдаг эмгэгтэй болох магадлалтай байдаг аж. Мөн өндөр настай, даралт ихтэй, зүрх муутай болон жирэмсэн эхчүүдийг автобусны буудал дээр болон олон нийтийн газар зорчиж явахад дуут дохио ашиглан цочоовол цус харвах, зүрх хаагдах гэх мэт олон сөрөг тал илэрдэг байна.
Нярай хүүхэд сигналаас цочвол унаж татдаг болох эрсдэлтэй
СЭМҮТ-ийн хүний их эмч С.Одонгэрэл “Чанга дуу чимээ хүний биед маш их хортой. Сэтгэцэд нөлөөлж, хүнийг стресст оруулан олон өвчний эх үүсвэр болдог. Ялангуяа автомашины сигналын чимээ амгалан тайван байдлыг их алдагдуулдаг. Автоманшины төв замаас 15- 20 метрийн зайд амьдардаг айлууд үнэхээр хүнд нөхцөлд амьдардаг гэж ойлгож болно. Хүн өдрийн цагт 60 децибел, шөнийн цагт 45 децибелын дуу чимээнд байх ёстой. Гэтэл хотын оршин суугчид 70 ба түүнээс дээш децибелийн дуу чимээнд амьдарч байна. Энэ тохиолдолд хүний сонсгол 20-25 хувь муудаж, амархан ядрах, толгойн өвчтэй болж, өндөр настай хүний даралт ихсэнэ” гэлээ.
Хотол олноороо бага ч атугай амгалан тайван амьдрахын тулд тээврийн хэрэгслүүдийн дуут дохионы дууг намсгах шаардлагыг холбогдох албанаас анхаарч, зохицуулах шаардлагатай байна. Чанга сигналтай жолоочийг торгож, цаашлаад солиулах шаардлага тавьсан ч болох. Стресс ихтэй энэ хотыг бага ч атугай иргэндээ ээлтэй болгох боломж, гарц байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй