Роберт Лайтхайзер: АНУ-ын хувьд Ази-Номхон Далайн бүс чухал хэвээрээ үлдэнэ

Мэдээ

Ази-Номхон далайн орнуудын Худалдааны сайд нарын уулзалт Вьетнамын нийслэл Ханойд энэ сарын 20, 21-нд болж өнгөрлөө. Энэ үеэр чөлөөт худалдааны хэлэлцээр болон бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалын талаар голчлон хөнджээ. Уулзалтаар Транс-Номхон далайн 11 орны сайд нар олон талт худалдааны систем дэх саад хоригийг зөөлрүүлэхийг зөвшөөрсөн байна. Харин АНУ-ын хувьд энэ бүс нутагт ойр ажиллахаас гадна Дональд Трампын Засгийн газар худалдааны голлох хэлэлцээрүүдийг дахин хэлэлцэхээр төлөвлөж байгааг тус улсын Худалдааны төлөөлөгч мэдэгджээ. Түүнчлэн Транс-Номхон далайн түншлэлээс АНУ гарах тухай шийдвэр хэвээрээ байгаа ч энэ бүс нутаг тус улсын хувьд чухал ач холбогдолтой хэвээр гэдгийг онцолсон байна.

АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер “Ерөнхийлөгч Дональд Трамп Ази-Номхон далайн бүс нутгийг чухалчилж байгаа. Учир нь энэ бүс нутаг дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй зах зээл бөгөөд АНУ экспортлогч болон импортлогчийн хувьд томоохон оролцогчдын нэг. Транс-Номхон далайн түншлэлийн 11 улс болон АНУ өөрсдийн шийдвэрээ гаргах боломжтой. АНУ цаашид бүс нутагт холбоо хамааралтай ажиллахын зэрэгцээ зарим тохиолдолд бүс нутгийн орнуудтай хоёр талын хэлэлцээр байгуулна" гэжээ.

Үүнээс гадна БНХАУ-ын Худалдааны дэд сайд Ван Шувен “Манай Засгийн газар худалдааны салбарын хөгжилд маш их ач холбогдол өгч байгаа. Ерөнхийлөгч Ши Жиньпин нэгдүгээр сард болсон Дэлхийн эдийн засгийн форум болон саяхан зохион байгуулагдсан "Бүс ба Зам" олон улсын чуулга уулзалтын үеэр олон талт худалдааны тогтолцоог дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс БНХАУ энэ тогтолцоогоор худалдааны саад хориг, эрсдэлийг бууруулж чадна гэж үзэж байгаа” гэсэн байна.




САНАЛ БОЛГОХ