"Manchester Arena"-д болсон халдлагатай холбоотойгоор найман хүнийг баривчилжээ

Мэдээ

"Manchester Arena" цэнгэлдэх хүрээлэнд болсон халдлагыг террорист сүлжээтэй холбоотой гэж үзэн халдлага үйлдэгчийн эцэг, эхийнх нь амьдардаг Ливи улсад хэргийн мөрдөн байцаалтыг хийж эхэлсэн гэж Манчестер хотын цагдаагийн газар мэдэгдсэн. Одоогийн байдлаар халдлагатай холбоотой найман хүнийг баривчлаад байгаа юм. Дэлбэрэлтийн үеэр амиа алдсан нь тогтоогдсон Салман Рамадан Абиди гэгч эрэгтэйг халдлага үйлдсэн гэж Цагдаагийн газар сэжиглэж буй. Салман Абиди нь Манчестерт төрсөн бөгөөд түүний эцэг, эх Ливи улсын цагаачид болохыг албаныхан илрүүлжээ. Цагдаа нар Салман Абидигийн эцэг болон 20 настай дүү, 23 настай ахыг нь саатуулж мэдүүлэг авсан байна. Абидигийн гэр бүл түүнийг энэ хэрэгт огт холбоогүй гэж мэдэгдсэн бөгөөд тэдний гэр бүл "Ариун Рамадан сар"-ыг тохиолдуулж Триполид уулзахаар төлөвлөж байснаа хэлжээ. Энэхүү халдлагын дараа Их Британийн аюулын зэрэглэлийг "онц ноцтой" болгож, хамгаалалтыг чангатгасан. Парист 2015 онд 130 хүний аминд хүрсэн террорист халдлага гарснаас хойш Европт томоохон есөн халдлага гараад байна.

2016 оны гуравдугаар сард Бельгийн нийслэл Брюссельд дэлбэрэлт болсны улмаас 32 хүн амь насаа алдсан бөгөөд үүнээс яг нэг жилийн дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 22-нд Лондонгийн Вестминстер дүүрэгт террорист халдлага гарсан юм. Халдлага ойр, ойрхон үйлдэгдэх болсон нь аливаа улсад хэзээ ч гэнэтийн аюул нүүрлэж болзошгүйг сануулж байгааг олон улс санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбоотойгоор Европын орнууд хамгаалалтаа чангатгах арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Тухайлбал, Францын шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макрон онц байдлын хугацааг сунгах саналыг парламентад дэвшүүлсэн байна.

үнээс гадна аливаа халдлага, террорист үйл ажиллагаа нь заавал нэг зорилготой, олон хүний оролцоотой байхаа больсон. Тиймээс халдлага үйлдэгчид, хэт даврагсдын зорилго, төлөвлөгөөг урьдчилан мэдэх шаардлагатай болж байгаа юм. Үүний тулд тагнуулын үйл ажиллагааг улам сайжруулах асуудал олон улсын өмнө тулгарч байна гэж шинжээчид үзэж байна.



САНАЛ БОЛГОХ