BREXIT-ийн яриа хэлэлцээ хойшлогдлоо

Мэдээ

Ирэх даваа гарагт хийгдэхээр төлөвлөгдөж байсан BREXIT-ийн яриа хэлэлцээний дараагийн үе шат нэг долоо хоногоор хойшиллоо. Энэ нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй сүүлд боловсруулсан стратегиа олон нийтэд танилцуулах төлөвлөгөөтэй холбоотой гэж ойрын эх сурвалж мэдээлж байна. Хамгийн сүүлд Тереза Мэй нэгдүгээр сард Их Британийг Европын Холбооноос гарах тухай тайланг танилцуулж байсан бол энэ удаагийнхаар хэлэлцээний явцыг түргэсгэх зорилготой байгаа юм. Өөрөөр хэлбэл Их Британи Европын Холбоотой нягт, тусгай түншлэл байгуулах тухай байх болно гэж шинжээчид таамаглажээ. Түүнчлэн Тереза Мэй ирэх аравдугаар сард болох Европын Зөвлөлийн дээд хэмжээний уулзалтаас өмнө Эстонд Европын Холбооны төлөөлөлтэй уулзаж ярилцахаар төлөвлөсөн байна. Энэхүү үйл явдалтай зэрэгцээд Их Британийн сөрөг хүчний намын тэргүүн Жереми Корбин Брайтонд болсон үйлдвэрчний эвлэлийн хурлын үеэр Консерватив намын бодлого Их Британийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай мэдэгджээ. Тэрбээр  "Тереза Мэйгийн намын баримталж буй бодлогын үр дүнд орон нутагт тэгш бус байдал, баян хоосны ялгаа, ажилгүйдэл газар авч байна" гэж шүүмжилсэн байна.

Жереми Корбин “Тереза Мэйгийн Засгийн газрын эдийн засгийн бодлогын үр дүнд тэгш бус байдал бий болж, нийгмийн ялгаа нэмэгдсэнээс гадна татвар, Төрийн албан хаагчдын цомхотгол гээд олон асуудал бий болсон. Мөн BREXIT-ийн тухайд Их Британийг Европын Холбооноос гаргах хэлэлцээнд хэтэрхий яарч хандаж байна. Энэ нь чөлөөт зах зээлийн зохицуулалтыг гажуудуулах магадлалтай. Харин Хөдөлмөрийн намын хувьд хөдөлмөр эрхлэлтийг эн тэргүүнд тавьж байгаа төдийгүй Европын Холбоотой цоо шинэ худалдааны гэрээ байгуулж хөдөлмөр эрхлэгчдийн эрхийг, байгаль орчныг хамгаалах болон аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, аюулгүй байдлын шинэ стратегиар харилцах ёстой гэж үзэж байгаа юм” гэж мэдэгдлээ.




САНАЛ БОЛГОХ