Тереза Мэй "Grenfell Tower"-ийн галын шалтгааныг тодруулах ажлыг эхлүүллээ

Мэдээ

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Лондонгийн "Grenfell Tower"-ийн галын шалтгааныг тодруулах мөрдөн байцаалтын ажлыг эхлүүллээ. Тэрбээр галын голомтод өөрийн биеэр ирсэн бөгөөд галын улмаас гэр оронгүй болсон хүмүүст Засгийн газраас бүх боломжоороо тусална гэдгээ амласан юм. Үүний дараа Сөрөг хүчний тэргүүн Жереми Корбин Тереза Мэйг хохирогчидтой нүүр тулж уулзаагүй явдлыг шүүмжилсэн байна. Үүнтэй холбоотойгоор Тереза Мэйн Консерватив нам Умард Ирландын Ардчилсан эвлэлийн намтай хийх яриа хэлэлцээ хойшилж магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Тереза Мэй “Ард иргэд маань асуултдаа хариулт авахыг хүсэж байгаа. 17 хүний амийг авч одсон энэ аймшигт галын шалтгааныг олохын тулд мөрдөн байцаалтын ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Гал юуны учраас, яагаад гарсныг бид мэдэх ёстой. Галыг унтраахад цуцалтгүй ажилласан онцгой байдлын албаныхандаа талархаж байна. Тэд олон цаг цуцалтгүй ажиллаж, эр зориг, ур чадвараа харууллаа. Мөн Засгийн газар гэр оронгүй болсон иргэдийг "Grenfell Tower"-тэй аль болох хамгийн ойр нүүлгэн шилжүүлэх бүх арга хэмжээг авах болно гэдгийг мэдэгдье” гэсэн байна.

Хойд Кенсингтон дахь “Lancaster West Estate”-ийн дөрвөн цамхгийн нэг "Grenfell Tower"-ийн их засварын ажлыг “Studio E” болон түүний гэрээлэгч “Rydon Construction” гүйцэтгэсэн аж. Өнгөрсөн онд засвар дуусаж байшингийн доод давхарт шинэ байгууламж барьжээ. Мөн гадна фасадыг өнгөлгөөний хөнгөн цагаан хавтангаар хийсэн байна. Хэдхэн цагийн дотор цамхгийн гадна тал бүрэн шатсан нь хөнгөн цагааны орцтой өнгөлгөөний хавтангуудаас шалтгаалсан гэж оршин суугчид үзсэн байна. 120 айлтай энэ байшинд ганцхан аврах шат байсан бөгөөд гал гарах үед оршин суугчид галын аюулын дохио сонсоогүй гэж мэдэгджээ. Үүнээс гадна барилгад гал унтраах шүршигч байсан эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Энэ мэтчилэн барилгын компаниудад ямар төлөвлөгөөг үндэслэж зөвшөөрөл олгодог вэ гэсэн асуултыг "Grenfell Tower"-ийн хэрэг явдал дагуулж байна.



САНАЛ БОЛГОХ