БНАСАУ олон тооны чиглүүлэгчтэй пуужин харвав

Мэдээ

БНАСАУ пүрэв гарагийн өглөө олон тооны чиглүүлэгчтэй пуужин харвасан гэж БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. "Энэ пуужин нь ойрын зайн тусгалт хөлөг онгоц сөнөөгч пуужин байж болзошгүй" гэж "Yonhap" агентлаг мэдээлээд байна. Вонсан боомт хотоос хөөргөсөн эдгээр пуужингууд 200 км-ийн цаана туссан талаар албаныхан дурджээ. БНАСАУ-ын зүгээс пуужингуудыг БНСУ-ын болон Японы усан хилийн зүг харвасан гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Энэ байршилд АНУ-ын "Carl Vinson" болон "Ronald Reagan" хөлөг онгоц тээвэрлэгч БНСУ-ын тэнгисийн цэргийн хүчтэй хамтарсан сургуулилтаа хийгээд байсан юм. БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Но Чэ Чён "Бид БНАСАУ-ын харвасан пуужингуудын тоог нарийвчлан гаргахаар ажиллаж байна. Үүгээр ч зогсохгүй энэ пуужингийн туршилтын цаана ямар зорилго байсныг бид олж тогтоохыг зорьж байна. Умард Солонгосын зүгээс пуужингийн хүчин чадлаа харуулах, АНУ-тай хийсэн хамтарсан сургуулилтын байнд цохилт өгөх боломжтой гэдгээ илтгэх зорилготой байсан гэдэгт бид итгэлтэй байна

Үүгээрээ АНУ болон БНСУ-тай харилцах харилцаанд давуу тал бий болгохыг зорьсон гэж бид үзэж байгаа" гэж мэдэгджээ. Үүнээс өмнө БНАСАУ-ын Удирдагч Ким Чен Ун Номхон далайн баруун хэсэгт байрлаж байгаа АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгчид рүү цохилт өгөхөд бэлэн гэж мэдэгдээд байсан юм. Үүний дараа тус улс он гарснаас хойших 10 дахь удаагийн туршилтаа хийлээ гэж БНХАУ-ын "Xinhua" агентлаг мэдээлсэн байна. БНАСАУ-ын пуужингийн туршилт одоогийн байдлаар Япон улсад эрсдэл учруулаагүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Фумио Кишида мэдэгджээ. Ийнхүү БНАСАУ пуужингийн туршилтаа үргэлжлүүлж байгаа нь АНУ болон бусад холбоотон улсуудын зүгээс үзүүлэх шахалтыг нэмэгдүүлнэ гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Мөн Пхеньян АНУ-ын газар нутагт хүрэх боломжтой цөмийн пуужин хөгжүүлэхийг зорьж байгааг ч мөн дурджээ.

БНАСАУ-ын пуужингийн туршилтууд Пхеньянтай харилцаагаа сайжруулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчид хүндхэн сорилт болсон хэвээр байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Иний хувьд АНУ-ын пуужингаас хамгаалах системийн үлдсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсгийг суурилуулах үйл явцыг түр хугацаанд зогсоогоод байгаа юм.



САНАЛ БОЛГОХ