Умард Ирландын Ардчилсан эвлэлийн нам Консерватив намыг дэмжихээ хүлээн зөвшөөрлөө

Мэдээ

Умард Ирландын Ардчилсан эвлэлийн нам Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн цөөнхийн Засгийн газрыг дэмжиж ажиллахаа албан ёсоор хүлээн зөвшөөрч 1.3 тэрбум ам.долларын гэрээ үзэглэлээ. Энэхүү хэлцэл нь үнэмлэхүй олонхгүй Парламентын сонгуулиас хойш хоёр долоо хоногийн дараа болж байна. Хэлцлээр талууд 1.3 тэрбум ам.долларыг Умард Ирландад олгохоор тохиролцжээ. Гэрээнд заасны дагуу хоёр жилийн хугацаанд Их Британи энэ мөнгийг Умард Ирландын дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарт зориулж олгохоор болжээ. Түүнчлэн хэлцлийн хүрээнд талууд "Белфастын хэлэлцээр буюу сайн баасан гарагийн хэлэлцээрийг" дагаж мөрдөнө гэдгээ амлажээ. "Brexit", Үндэсний аюулгүй байдлын асуудалтай холботойгоор Умард Ирландын Ардчилсан эвлэлийн нам Консерватив намыг дэмжиж ажиллах болно гэж Тереза Мэй мэдэгдсэн. Мөн Умард Ирландын Ардчилсан эвлэлийн намын дарга Арлин Фостер энэхүү урт хугацаанд хэрэгжих гэрээг амжилттай байгуулсныг онцолж, талуудад аль алинд нь ашигтай хэлцэл болсон хэмээн мэдэгджээ.

"Brexit"-ийн яриа, хэлэлцээ албан ёсоор эхэлснээс хойш нэг долоо хоног өнгөрөөд байна. Их Британид оршин сууж буй Европын холбооны олон сая иргэдийн эрхийг хамгаалах баталгаа гаргахыг Европын холбоо Их Британиас шаардаж байгаа юм. Европын холбооны "Brexit"-ийн хэлэлцээ хариуцсан төлөөлөгч Мишель Барнье Европын холбооны орнуудын иргэдийн эрх Европын холбооны хууль дүрэмтэй ижил түвшинд хэлэлцэгдэх ёстой гэж мэдэгдсэн байна. Мөн холбооны зүгээс иргэдийн эрхийн тухай асуудал эцэслэн хэлэлцэгдэх хүртэл Их Британитай худалдааны хэлцэл байгуулах боломжгүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Тереза Мэй Их Британид оршин сууж буй Европын холбооны 3.2 сая иргэн боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ авах, тэтгэвэр тэтгэмж зэргийг авах бүрэн эрхтэй гэж мэдэгдсэн.



САНАЛ БОЛГОХ